Асуудлаа тодорхойлж, гарцаа төлөвлөж сурлаа

Burenjargal

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын сургууль нь эдүгээ 27 багш, 24 ажилтан, 450 гаруй сурал­цагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Тус сур­гуульд суралцагчдын 350 нь малчдын хүүхэд. Бидний хувьд малчин эцэг эхчүүдтэйгээ харилцан ойлголцох, тэдэнд боловсролын хүртээмжтэй үйлчилгээ хүргэх, тэдний санаа бодол, дуу хоолойг сонсох,  асуудлаа хамтран шийдвэрлэх, хамтын ажиллагаагаа сайжруулахыг  чухалчилдаг. Гэвч эцэг эхчүүдийн оролцоо жигд биш, тэр дундаа аавууд хүүхдийн асуудлыг ээжид нь хамаатуулах бай­дал давамгайлсан, хүүхдийнхээ сургалт хүмүүжлийн ажлыг сур­гуульд даатган орхидог зэрэг нь  тулгамдсан асуудал болоод байв.

Харин “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төсөл манай сур­гуульд хэрэгжсэнээр бид тулгамдсан асуудлаа шийдэх боломж, арга замыг эрэлхийлж эхэллээ.

Аавуудын оролцоо-Манай сургуульд

Төслийн аргачлалын дагуу хамт олноороо сургуулийн үйл ажиллагааг эхлээд үнэлэхэд:

  • Суралцагчдад эцэг эх болон олон нийтийн байгууллагууд  дэмжлэг үзүүлдэггүй.
  • Сургууль эцэг эхтэй хамтран ажилладаггүй, тэдний орол­цоонд тулгарсан  асуудалд бага анхаардаг.
  • Хүүхдийн  суралцах үйл явцыг дэмжих бололцоо бүхий гэр орны таатай нөхцөлд байгаа эсэхийг нягталдаггүй гэсэн үзүүлэлт анхаа­рал татаж, хамт олноороо эдгээр асуудлыг эрэмбэлж  “Аавуудын оролцоо” маш сул байна гэж тодорхойлсон.

450 суралцагчтай сургуулийн эцэг эхийн хуралд суудаг аавуу­дын судалгааг гаргахад 98 хувь нь  суудаггүй гэсэн хариулт гарсан байлаа. Малчин аавууд үр хүүхдийнхээ боловсролын асуудалд бүр ч анхаардаггүй гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тиймээс бид аавуу­дад сургуулийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцох, хүүхдийнхээ сурч боловсорч, хөгжихөд нь анхаарах хандлагыг төлөвшүүлэхийг зорьсон юм. 

Төслийн ач холбогдол, шинэлэг тал:

  • Сургуульд орон нутгийн төр, төрийн бус байгууллагын төлөөл­лүүд хамтран зөвлөн тусалж, чиглүүлж байгаа нь үр дүнтэй зохицуулалт болсон.
  • Орон нутгийн төслийн багийн  гишүүдийг бүрдүүлэхэд төлөөлөл бүрээс оролцуулсан.
  • Төслийн зорилго цаг үеэ олсон, сургуулийн болон эцэг эхийн эгэх холбоог хангах гүүр болсон.
  • Орон нутгийн байгууллагууд түншлэлийн хүрээнд олон үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх боломж өргөжсөн.

Төслийн явцад бүлэг бүрээс хоёр аавыг сонгон авч чадваржуу­лах, тэдний чадавхид тулгуурлан, “Олон нийтийн хөгжлийн төв” бай­гуулах, төвийн үйл ажиллагааг аавууд болон багш, ажилч­дын хам­тарсан сайн дурын багийнхны бүтээлч ажлаар баяжуу­лахад анхаарч байна. Тус төвөөр дамжуулан аавуудтай хамтаран амьдрах ухааны сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах,  сайн дурын багуудыг 10 стандартын дагуу чадваржуулах зорилт тавиад ажиллаж байна.Бидэнд төсөөлснөөс ч илүү боломж байна. Зорилго чиглэл тодорхой байвал үйл ажиллагаа бүр үр дүнгээ өгөх нь гарцаагүй.