Марсела Розо: Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийг 10 аймаг, 3 дүүрэгт хэрэгжүүлж байна.

ganbat

2016 оны 4 сарын 20, Өнөөдөр сонин 

Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилттай  “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийг 2014 оны есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Гурван сая ам.долларын санхүүжилт бүхий уг төсөл дөрвөн жил үргэлжлэх гэнэ. Төслийн хүрээнд холбогдох талуудын төлөөллийг оролцуулсан дөрвөн өдрийн сургалт зохион байгуулах үеэр Дэлхийн Банкны мэргэжилтэн Марсела Розог АНУ-аас ирээд байхад нь ярилцлаа. Тэрбээр ил тод байдал, засаглал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг аж. 

-Монгол Улсад нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийн төсөл хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ? 
-Монголд нийгмийн эгэх хариуцлагыг түгээн дэлгэрүүлэх нь 2019 он хүртэл хэрэгжүүлэх энэхүү төслийн гол зорилго юм. Иргэд төрд зөвхөн саналаа өгөх биш, өөрийн дуу хоолойг хүргэх механизмыг бий болгож, тэдний оролцоог хангах зорилготой. Иргэдийн оролцоо хангагдаж, тэд дуу хоолойгоо төрд хүргэн, эргээд төр нь иргэдийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд тусалсан тогтолцоо бүрдүүлнэ гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэхэд төр, иргэний нийгмийн болон олон нийтийн байгууллагууд, иргэд гээд гурван талын оролцоо маш чухал. Уг нь Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Тухайлбал, Шилэн дансны, Нийтийн сонсголын тухай, Захиргааны хуулийг энд дурдаж болно. Эдгээр хууль батлагдсан ч хэрэгжилт нь учир дутагдалтай байгаа. Үүнд бидний хэрэгжүүлж буй төсөл дэмжлэг үзүүлэх юм. 
-Нийгмийн эгэх хариуцлага гэхээр сонирхолтой сонсогдож байна. Үүнийг илүү тодруулж болох уу? 
-Эрдэмтэн, судлаачидтай зөвлөөд нийгмийн эгэх хариуцлага гэх нэр томъёог ашиглах нь зөв гэж үзсэн. Монгол хэлэнд англи хэлний “social accountability” гэх ойлголтыг нийгмийн хариуцлага, иргэдийн хяналт гэж орчуулж ирсэн байдаг. Нийгмийн хариуцлага гэхээр иргэдэд ч хамаатай. Нэгдсэн ойлголт бий болгох зорилгоор үг хэллэгийг зөвөөр тогтооё гээд, нийгмийн эгэх хариуцлага гэж хэлэхээр шийдсэн л дээ. Хариуцлагыг иргэд, төр гэсэн талууд бие биедээ тооцож байх ёстой. Харилцан хариуцлага тооцож, “эргэж” байгаа гэсэн утгаар нь эгэх гэх нь зөв гэж үзсэн. Гол зорилго нь төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх гэж хэлж болно. Талууд хамтран ажилласнаар Монгол Улсын хөгжилд илүү хувь нэмэр оруулах учиртай.  
Нийгмийн эгэх хариуцлагын арга механизм нь иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс шууд болон шууд бус замаар төрд хариуцлага тооцохыг хэлэх юм. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалттай, чадваржсан иргэд төрийн нөөцийн зохистой зарцуулалт, төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, тэдний эрхийг хамгаалахын төлөө төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож, үр дүнг хянах үйл явц юм. Үүнд төр, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, хандивлагч байгууллагууд зэрэг оролцогч талын хариуцан тайлагнах, хариуцлага тооцох үйл явцтай холбогдох бүхий л үйл ажиллагааг хамааруулдаг. Хамтран ажиллах зорилтот бүлгүүд нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн бүлгүүд, олон нийт, эрдэм шинжилгээний байгууллагууд байх юм.    
Иргэд дуу хоолойгоо хүргэмээр байдаг ч эрх нь хязгаарлагдмал, төр тэднийг дуу хоолойгоо хүргэх боломжоор хангаагүй байдаг. Мөн энэ хоёр талын дунд итгэлцэл бий болгох нь чухал. Төслийг Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс, Сүхбаатар, Сэлэнгэ гэсэн 10 аймаг болон УБ хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд хэрэгжүүлнэ. Эрүүл мэнд, аюулгүй байдлын, ядуурлын индекс зэрэг үзүүлэлтүүдийг нь харж, судалгаанд суурилан дээрх газруудыг сонгон авсан.  Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлснээр ядуурал харьцангуй ихтэй орон нутгийн иргэд төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох, чанартай үйлчилгээг хүртэх боломжоор хангагдах юм. 
Бид боловсрол, эрүүл мэндийг тэргүүлэх салбараар сонгосон. Учир нь нийт хүн амын олонх нь энэ хоёр салбараар үйлчлүүлдэг. Бид анх удаа төр, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан Монгол Улсад нэн тэргүүнд шийдэх ёстой асуудлууд юу байгааг хамтран тодорхойлсон. Хүмүүсийн амьдралд өдөр тутам тулгарч буй асуудлуудыг шийдэхэд хоёр тал хамтарч ажиллах нь зүйтэй. Жишээлбэл, хоёр тал ярилцаад эмч, багш нарын тоо цөөн байна, үүн дээр хамтарч ажиллая гэж шийдэж болно. Эсвэл сурах бичиг, эмийн хүртээмж хангалтгүй, эмнэлэг, сургуулийн дэд бүтцийн “чанар” муу байна (хүйтэн байх гэдэг ч юм уу) гэдгийг ярилцаад, үүнийг шийдэхэд хамтран ажиллаж болно. Эрүүл мэнд, боловсролын салбарт иргэдийн сэтгэл ханамж хэр байгаад судалгаа хийж болно. Энэ мэтээр орон нутгийн захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд хамтран, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг хэрхэн ашиглаж болох вэ гэдэгт төслийн зүгээс тусламж, дэмжлэг үзүүлэх юм. Оролцогч талууд асуудлаа тодорхойлсны дараа, илүү мэдээлэл авсны үндсэн дээр хэрхэн зөв шийдвэр гаргах вэ гэдэгт тусламж, дэмжлэг үзүүлнэ. Иргэний нийгмийн байгууллагууд нийгмийн эгэх хариуцлагын мониторинг үнэлгээ хийгээд, асуудлыг хэрхэн шийдэх талаар мэдлэг, мэдээлэл, туршлагатай болно. Иргэдийн санал хүсэлтээс олж илрүүлсэн зүйлсийнхээ талаар төрд хэрхэн тайлагнах талаар нь бас зааж өгнө. Төр болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэхийг тогтооход нь дэмжсэнээр иргэдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх үр нөлөөтэй аргуудыг олоход туслахыг бид зорьж байгаа. Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх ажлын хүрээнд олон нийтэд чиглэсэн төрийн нөөц, улсын хөрөнгө мөнгөний хуваарилалт, зарцуулалт, ашиглалт зэргийг хянан, үнэлгээ хийх явцад иргэдийг шууд оролцуулах байдлаар хамруулна. 
Нийгмийн эгэх хариуцлага гээч зүйл нь төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанарт өөрчлөлт гарч, сайжирвал сая үр дүнд хүрлээ гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээний ТББ-ууд орон нутгийн захиргаа, орон нутагт ажиллаж байгаа байгууллагуудтай хамтран ажиллаж, чадамжийг нь сайжруулах юм. Мөн үндэсний хэмжээний хэрэгжүүлэгч агентлагуудтай хамтран ажиллана. Тэднийг бодлого боловсруулахдаа ашиглахад нь зориулан иргэдийн санал, гомдол бүхий мэдээллийг дамжуулна. Үүний хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Мөн хотын захиргаа, нийгмийн эрүүл мэндийн болон боловсролын газартай хамтран ажиллаж байгаа. 
Саяхан төрийн байгууллагууд, иргэний нийгмийн, төрийн бус, судалгааны байгууллагууд гээд бүх талын төлөөлөл бүхий 80 орчим хүмүүсийг хамруулсан дөрөв хоногийн сургалт зохион байгуулан, төслийн төлөвлөлтөө хийсэн. Төлөвлөлтийг бид шууд гаргах биш, оролцогчидтой хамтраад, тэдний саналд үндэслэж, цаашид төслийг хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлсон. Одоо дараагийн алхам бол тэд өөрсдийн  аймаг, дүүрэгтээ очоод, тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь төслөөс тусламж, дэмжлэг үзүүлнэ. Төсөл дөрвөн жил хэрэгжиж дууссаны дараа сонгосон аймаг, дүүргүүдэд эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамж өндөр болсон байхыг бид зорьж байгаа. Иргэд илүү мэдээлэлтэй болж, түүнийгээ ашиглах чадвар нь сайжрахыг хүсэж байна. Оролцогч талуудын хамтран ажиллах чадварыг бас сайжруулна. Төсөл дөрвөн жил хэрэгжиж дууссаны дараа төр болон иргэдийн хоорондын харилцаанд нийгмийн эгэх хариуцлага бэхжсэн байхыг л хүсэж байна. 
-Төсөл хэрэгжүүлээд хэдэн сар өнгөрсөн байна. Иргэдийн оролцоо хэр байгаа гэж анзаарагдсан бэ? 
-Иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, бас тэдний оролцооны талаар санал асуулга, судалгаа авсан. Тодруулбал, тэд өөрсдийн орон нутгийн захиргаандаа хэр идэвхтэй очдог, мэдээлэл авч чадаж байгаа эсэхийг судалсан. Тэгэхэд иргэдэд мэдээлэл хязгаарлагдмал, хүртээмж муу байдаг гэсэн үр дүн гарсан. Гэхдээ иргэд дуу хоолойгоо хүргэх, үйлчилгээний чанарт нөлөөлөх сонирхол өндөр байгаа нь анзаарагдсан. Тиймээс ч эхний шатанд орон нутгийн байгууллагууд, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудыг хамруулаад төлөвлөлт хийсэн. Тэдний хамтын ажиллагаа цаашдын үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Оролцсон ТББ-ууд өөрсдийнхөө дүүрэг, аймагтаа очоод нийгмийн эгэх хариуцлагын талаарх ойлголтыг түгээж, өөр ТББ-уудыг оролцуулан сайн ажиллах ёстой. Орон нутгийн хүмүүс манайх ийм асуудал дээр ажиллах нь бидний хувьд нэн тэргүүний асуудал гэж тодорхойлсны дараа үндэсний түвшний ТББ-ууд хэрэгжүүлэх ажлууд дээр нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.
-Дараагийн хийх ажил юу байх вэ?
-Орон нутаг, дүүргүүдэд үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулсны дараа хэрэгжүүлэх үед нь үндэсний хэмжээний ТББ, орон нутгийн захиргаа, бусад оролцогч нартаа туслан хэрэгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлнэ. Үйл ажиллагааны хөтөлбөрөө батлахад нь төслөөс тэтгэлэг өгнө. БСШУСЯ, Эрүүл мэндийн яам болон Сангийн яамтай хамтран ажиллаж холбогдох мэдээллийг иргэдэд аль болох ойлгомжтой байдлаар хүргэх үйл явц, оролцоог нь дэмжиж байгаа. Иргэд зүгээр л өөрсдийнхөө сэтгэгдлээр “Энэ чинь ийм байхгүй юу даа” гэж биш, бодитой мэдээлэлд үндэслэсэн асуудлуудыг дэвшүүлж байх талаар иргэний байгууллагууд, ТББ-ууд мэдээлэл өгч, улмаар үндэслэлтэй саналуудыг дэвшүүлэх боломж бүрдэнэ гэж бид үзэж байгаа.  
Энэ төсөл нь Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй бусад төслүүдөөс онцлогтой. Шийдвэрлэхийг санал болгож буй асуудлыг тодорхойлж, хөтөлбөр боловсруулахад бүх оролцогч санал нэгдсэн байх ёстойг хамгийн ихээр чухалчилна. Урьд нь олгож байсан төслүүдийн тэтгэлгээс арай өөр шаардлага тавьж байгаа. Тэтгэлгийг төр ба иргэдийн хоорондын бүтээлч харилцааг бий болгоход хэрэглэнэ. Иргэн өрхийн эмнэлэгтээ очиход үйлчилгээ нь муу байвал юун дээр доголдож буйг нь өрхийн эмнэлгийн захиргаандаа дуулган, хоорондоо ярилцаад, үүнийг шийдэхийн тулд ямар алхам хийх вэ гэдэг дээр санал нэгдэх ёстой. Үүний дараа тэр асуудал шийдэгдэж байна уу гэдэг дээр хяналт тавих харилцаа, үйл явцыг зохицуулах үйл ажиллагаанд зориулж төслөөс тэтгэлэг олгоно гэсэн үг. Үр дүнд нь жишээ нь Орон нутгийн хөгжлийн санд очиж буй төсвийн мөнгөний зарцуулалт илүү үр дүнтэй болохыг бид хүсэж байгаа. Иргэдийн оролцоо нэмэгдэж, зөвлөмж нь хүрэх учраас эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирна. Нэг жишээ дурдвал, орон нутгийн ТББ-уудтай хамтран авто замын чанар хэр байгааг судалсан. Тэгэхэд гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээнд замын ус зайлуулах хоолой барихыг тусгаагүй байсныг олж мэдсэн. Энэ мэт шалтгаанаас болоод жил бүр зам эвдэрдэг, төрөөс мөнгө гаргаж засах болдог. Үүнийг хянаад, илрүүлчихэж болж байгаа. Дараагийн удаа гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулахдаа хяналт тавин, улмаар зам чанаргүй байх асуудал үүсэхгүй. 
Товчхондоо, иргэд төрд тодорхой мэдээлэл өгч, хүсэлт гаргаж,  үүний дагуу захиргааны түвшний байгууллагууд болон тухай үйлчилгээ үзүүлэгч байгууллага өөрчлөлт хийн, үйлчилгээний чанараа сайжруулна гэсэн үг. Дунд сургуулийн багш нар цагийн хичээлээ заахгүй тохиолдолд эцэг, эхийн зөвлөлөөс нь хүсэлт гарган, “Ийм ийм цагийн хичээл заах ёстой. Гэтэл дутуу байна” гээд тайлан өглөө гэж бодъё. Түүнтэй нь сургуулийн захиргаа танилцаад, арга хэмжээ авна. Иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх өөр жишээ дурдъя. Гурван давхар сургууль байгуулах төсөл хэрэгжүүлэхээр боллоо гэхэд гэрээ, бүх зүйл нь иргэдэд нээлттэй байх ёстой. Иргэд нөгөө төлөвлөсөн барилгаа барьсан уу, үгүй юү гэдгийг хянаад, мэдээлнэ гэсэн үг. Төр, иргэд хоёрын харилцаа сайн байх тохиолдолд хөгжил дараагийн түвшинд хүрдэг. Тэгэхээр энэ төсөл хэрэгжсэний үр дүнд төр, иргэдийн харилцаа сайжирч, бидний хүсэж байгаа хэмжээнд хүрнэ гэдэгт найдаж байна. 
  Ц.Болормаа