"Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх нь" төслийн II Үе Шат эхэллээ

delgermaa

Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (НЭХБ) төслийн 2-р үеийн дэд төслүүд нь 2019 онд Монгол улсын 10 аймагт болон Улаанбаатар хотын 3 дүүрэгт хэрэгжих юм.  Тус төсөл нь эрүүл мэнд, боловсролын салбарын үүрэг гүйцэтгэгчдэд хяналт тавих, төрөөс хариуцлага нэхэх иргэний нийгмийн байгууллагын чадавхийг сайжруулж,  төрийн байгууллагын шийдвэр гаргах болон гүйцэтгэлийг үнэлэхэд иргэдийн оролцоог хангах зорилготой юм. Ингэснээр нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж, төрийн нөөцийг илүү ил тод, хариуцлагатай ба үр дүнтэй ашиглах нөхцөлийг бий болгох юм.

Тус НЭХБ-2 төслийн хэрэгжүүлэгчээр Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улс дахь Хөтөлбөрийн Газар сонгогдсон бөгөөд Хүүхдийг Ивээх Сан нь (i) дэд төслийн үйл ажиллагааны хүрээ, хэрэгжилтийг удирдах бөгөөд (ii) дэд төслүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн 2 үүрэгтэй. НЭХБ-2 төслийн хүрээнд, НЭХБ-1 төсөлд оролцсон 7 үндэсний ТББ-ууд нь тус төслөөс олж авсан нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслүүдийг ашиглах замаар нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж, 10 аймагт эрүүл мэнд, боловсролын салбарт төсөл хэрэгжүүлэх юм.