МУНЭХБ, Дэд төслийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан

“Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл нь илүү ил тод, хариуцан тайлагнадаг, үр дүнтэй улсын салбарын хөрөнгийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд бий болгох зорилгоор 10 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжиж байна. Төслийг хэрэгжүүлэх стратеги нь иргэдийн оролцооны үйл явц, мэдээллийг ил тод, нээлттэй олон нийтэд хүргэх тогтолцоог сайжруулахын тулд орон нутгийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон олон нийтийн хамтын ажиллагааг дэмжих юм. Аймгуудад хэрэгжсэн дэд төслүүдийг сонгохдоо тухайн аймгийн ядуурлын гаралт, нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн байдал, эрүүл мэнд болон боловсролын шалгуур үзүүлэлт зэрэг холимог шалгуурыг харгалзжээ.

Уг хөндлөнгийн үнэлгээг төслийн дотоодын болон донорын тайланд тусгаж оруулах, дэд төслийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, давтан хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой төслийн шийдвэр гаргахад ашиглах зорилгоор гүйцэтгэв. Хөндлөнгийн үнэлгээг гүйцэтгэхдээ дэд төслүүдийг үнэлэх дараах байдлаар үнэлж цаашид хийгдэх алхмуудыг санал болгосон.

Үүнд:

• Нийгмийн эгэх хариуцлагын үйл явц

• Засаглал, төрийн үйлчилгээ, оролцогч талуудыг чадавхижуулах талаар бий болгосон үр дүн

• Тогтвортой байдлыг хангах механизмыг бий болгох зэрэг болно.

Говь-Алтай аймгийн дэд төсөл хэрэгжиж дуусаагүй байсан учраас энэ аймгаас бусад Дорнод, Говьсүмбэр, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс болон Өвөрхангайд зэрэг аймгуудад хэрэгжсэн эрүүл, мэнд боловсролын нийгмийн эгэх хариуцлагын дэд төслийн үр дүнг баримтжуулсан.

Төслийн хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцах, орон нутгийн болон үндэсний ТББ, орон нутгийн төрийн албан хаагчид, орон нутгийн удирдлага, үйлчилгээний байгууллагуудтай ярилцлага хийх зэргээр их хэмжээний мэдээллээс төслийн туршлага, сургамжийг нарийвчлан тодорхойлсон.

Оролцогч талуудтай хийсэн ярилцлагаас үзэхэд анхан шатны эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ болон хүн амын тодорхой хэсэгт чиглэсэн сүрьеэ, амны хөндийн эрүүл мэнд, түр оршин суугчдад зориулсан эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бүх оролцогч талуудаар үнэлүүлэн саналыг авч бүх оролцогч талуудын хамтын ажиллагааны хүчинд дэд төслүүдийг хэрэгжүүлсэн байна. Дэд төслүүд нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх үнэлгээний дүнг шийдвэр гаргагч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад үйлчилгээ сайжруулах, тодорхой арга хэмжээ авах шийдвэр гаргуулах зорилгоор танилцуулж ажилласан байна.

Ихэнхи үйлчилгээ сайжруулах төлөвлөгөөнүүдийг (5 дэд төслийн хүрээнд) төрийн бус байгууллагын шууд оролцоотойгоор боловсруулсан бол бусад дэд төслүүд (4 дэд төсөл) нь төлөвлөгөөг боловсруулахдаа ТББ-ын тодорхой түвшний оролцоо, санал, зөвлөмжийг тусгажээ. Харин нэг төслийн хувьд худалдан авах ажиллагааны үйл явцыг сайжруулах зорилгоор төлөвлөлт болон гэрээний гүйцэтгэлд оролцох байдлаар өвөрмөц байдлаар ажиллажээ.

Бүх дэд төслүүд нийгмийн эгэх хариуцлагын санаачлага, үйл ажиллагааг төлөвлөсний дагуу амжилттай хэрэгжүүлсэн боловч нийгмийн эгэх хариуцлагын талаарх ойлголт болон дэд төслийн хэрэгжилтийн чанар дээр онцлох ялгаатай байв. Ховд, Сэлэнгэ аймгууд хөндлөнгийн үнэлгээний бүх шалгуур үзүүлэлтийг сайн биелүүлж цаашид түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх боломжтой тодорхой туршлага, аргачлалын жишиг, загвар болжээ.

Бүх дэд төслүүд нийгмийн эгэх хариуцлагын санаачлагын үр дүнд төрийн үйлчилгээг сайжруулах, түгээн дэлгэрүүлэх, өргөжүүлэх бүрэн боломж, чадамжтай болохоо харуулсан бөгөөд тус хөндлөнгийн үнэлгээний үр дүнд цаашид сайжруулах үйл ажиллагааны чиглэлийг зөвлөв. Тайлангийн 3-р бүлэгт аймаг тус бүрээр төслийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй авч үзсэн бөгөөд мөн аймгийн түвшинд хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагаануудыг санал болголоо. Бүхэлд нь МУНЭХБ төслийн хүрээнд дараах санаачлага, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

1. Нийгмийн эгэх хариуцлагын талаар болон шийдвэр гаргах үйл явц, төрийн үйлчилгээ, засаглалд иргэдийн оролцоог хангах талаарх орон нутгийн удирдлага, үүрэг хүлээгчдийн ойлголтыг гүнзгийрүүлэх

2. Төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт хийх ерөнхий чадавхаас гадна хамтран шийдвэр гаргах, асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрөөс (засгийн газраас) хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөр, төрийн үйлчилгээний чанарын талаар нотолгоонд суурилсан, асуудалд чиглэсэн, үнэн зөв дүгнэлт, санал, зөвлөмжийг боловсруулах орон нутгийн чадавхийг бэхжүүлэх

3. Иргэдийн онооны карт (ИОК)-аас гадна Монголын нөхцөлд тохирсон нийгмийн эгэх хариуцлагын загвар, аргачлалыг танилцуулах, нэвтрүүлэх

4. Иргэдийн төрийн үйлчилгээний талаарх үнэлгээ, санал болон төрийн үйлчилгээний мониторингийн үр дүн, загварыг засаглалын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, засаглалын үйл явцын нэг хэсэг болгох талаар илүү албан ёсны, институцижуулах арга замуудыг хайх.

Баримт бичиг: