Нээлттэй засаглалын түншлэл (НЗТ)

Монгол Улсын Засгийн газар засаглалыг бэхжүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтээс гаргаж буй санал, санаачлагыг харгалзах замаар тэдний оролцоог нэмэгдүүлэх, авлигаас ангид байх, төрийн үйлчилгээнд шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор дэлхийн улс орнуудын сайн дурын олон талт санаачлага болох Нээлттэй Засгийн Түншлэл (цаашид “НЗТ” гэх)-д 2013 онд нэгдэн орсон билээ. НЗТ-ийн гишүүн орны хувьд Монгол Улсын Засгийн газар төрийн үйлчилгээ нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой, инновацийг дэмжсэн, эрүүл, аюулгүй нийгмийг бүрдүүлэхэд чиглэсэн байх зарчмыг хэвшүүлэх тодорхой зорилт тавин эрчимтэй ажиллаж байна.

Монгол Улсын 2030 он хүртэлх Тогвтортой хөгжлийн үзэл баримтлалд тусгасан зорилтуудыг тогтвортой засаглалыг хангах замаар хэрэгжүүлэх бөгөөд НЗТ-ийн ил тод байдлыг хангах, иргэдийг хүчтэй болгох, авлигатай тэмцэх, засаглалыг бэхжүүлэх зорилгоор шинэ технологийг нэвтрүүлж ашиглахад чиглэсэн зарчмыг баримтлан төр-хувийн хэвшил, иргэд иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагатай хамтран түншлэн ажилласнаар Засгийн газарт ил тод, нээлттэй, хариуцлагатай, авилгаас ангид байх нөхцөл бүрдэх өндөр ач холбогдолтой юм.

Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн Үйл ажиллагааны үндэсний хоёр дахь төлөвлөгөө

Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлийн Үйл ажиллагааны үндэсний хоёр дахь төлөвлөгөөгөө нэг дэх (2014-16) төлөвлөгөөнөөсөө суралцсан туршлага дээр үндэслэн, Монгол Улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тодорхойлсон зорилтуудыг харгалзан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын манлайлал, Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн удирдлага дор, иргэний нийгмийн төлөөллийн өргөн оролцоотойгоор боловсрууллаа. Мөн Монгол Улс дахь Азийн сан, Дэлхийн банк техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлсэн болно.

Монгол Улс хоёр дахь ҮАҮТ-гөө НЗТ-ээс тодорхойлсон 5 үндсэн сорилтоос 4 сорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх дараахь тодорхой 13 зорилтот үйл ажиллагаа бүхий үүрэг амлалтуудыг хүлээж байна. Эдгээрээс “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах Засгийн газрын төвийн гар утасны аппликэйшн”, “Шилэн дансны системийг сайжруулах” гэсэн хоёр зорилт өмнөх ҮАҮТ-өөс үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, улам боловсронгуй болгохоор тусгаж байгаа бөгөөд НЗТ-ийн зарчим, шалгуурт нийцсэн “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бий болгох”, “Уул уурхайн салбар дахь бенефициал өмчлөлийн талаарх мэдээллийн ил тод байдал” зэрэг зорилт, арга хэмжээг дэвшүүлэн тусгасанаараа онцлогтой.

Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн Үйл ажиллагааны үндэсний хоёр дахь төлөвлөгөөний бүрэн эхийг татан авна уу. 

Нээлттэй Засгийн Түншлэлийн вэб хуудас: http://www.opengovpartnership.org/