НҮҮР ТУЛСАН УУЛЗАЛТ

DornodNGO

Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны “МУ-д нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Дорнод аймагт “Эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ болон аймгийн өрхийн эмнэлгүүдийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний хүртээмжид Иргэдийн онооны карт (ИОК)-ын аргачлалаар үнэлгээ хийсэн. Ингэхдээ эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг 1) эмнэлгийн эмч, ажилтан нарын зан харилцаа, ёс зүй, 2) цаг товлох үйлчилгээ, 3) эмнэлгийн эмч ажилтан нарын ачаалал, 4) эрүүл мэндийн даатгалын хуулийн хэрэгжилт, 5) иргэдийн эрүүл мэндийн боловсрол гэсэн шалгуур үзүүлэлтүүдээр хийгдсэн.

Үйлчилгээ хүртэгч иргэд болон үйлчилгээ үзүүлэгчдийн онооны картын дүнг шийдвэр гаргагч болон бодлого боловсруулагч нарт танилцуулах, үйлчилгээг сайжруулах арга замыг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрэх зорилго бүхий “НҮҮР ТУЛСАН УУЛЗАЛТ”-ын ажиллагаа 2017 оны 06-р сарын 12-ний өдөр 09:00-13:00 цагийн хооронд Аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд болсон.

Уг үйл ажиллагаанд орон нутгийн төрийн байгууллагын зүгээс аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Аймгийн ЗДТГ-ын НХ-ийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Алтанцэцэг, Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхбаатар, Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга А.Наранцэцэг, Хэрлэн сумын 1-р багийн засаг дарга Р.Энхцэцэг, 2-р багийн засаг дарга Т.Лхамдулам болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төлөөлөл болох аймгийн ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, БОЭТ-ийн захирал Д.Должин холбогдох ажилтан нарын хамт, Мянган жаргалан ӨЭМТ-ийн эмч Э.Туяагэрэл, “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ч.Аззаяа нар оролцсон. Мөн үйлчилгээ хүртэгч иргэдийн төлөөлөл болох Хэрлэн сумын 1,3,8-р багийн иргэд, аймгийн Иргэний нийгмийн байгууллагууд болох нийт 46 хүн оролцлоо.

Нүүр тулсан уулзалтын ажиллагааг Ардчиллын Боловсрол төвийн тэргүүн Г.Ундрал нээж чиглүүлэгчээр ажилласан ба Иргэдийн онооны картын үнэлгээний үр дүнгийн танилцуулгыг аймгийн ИНБ-уудын зөвлөлийн дарга Д.Бүжин, Аймгийн БОЭТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга С. Оюунчимэг, ”Төвшин амьдрал” ТББ-ын тэргүүн Д.Ариунсанаа, “Талын сувдан гүүр” ТББ-ын тэргүүн Б.Оюун-Эрдэнэ нар тус тус танилцуулсан.

Үйлчилгээ үзүүлэгчдийн өөрсдийн үнэлгээний талаарх танилцуулгыг БОЭТ-ийн захирал Д.Должин, Аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Гантуяа, “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ч.Аззаяа нар тус тус танилцуулсан.

“Эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх” төслийн хэрэгжилтэд хамтран ажиллахаа илэрхийлж аймгийн Засаг дарга, төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох Ардчиллын боловсрол төв болон Дорнод Аймгийн ИНБ-уудын Зөвлөлөөс 2017 оны 4-р сарын 14-ны өдөр “Санамж бичиг” байгуулж гарын үсэг зурсан билээ. Уг санамж бичгийн хүрээнд орон нутгийн төрийн байгууллагын зүгээс хамтран ажиллах ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.

Нүүр тулсан уулзалтад оролцогчид аймгийн хэмжээнд анх удаа төрийн үйлчилгээг иргэдээр үнэлүүлсэн ажлын үр дүнтэй танилцаж, цаашид тухайн үйлчилгээг сайжруулахад авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцож, төлөвлөгөө боловсруулан ажиллахаар шийдвэрлэв.