Хамтдаа сурч – Хамтдаа хөгжье

Burenjargal

Өвөрхангай аймгийн Баянгол сумын сургууль нь эцэг эхийн хандив, дэмжлэгээр 2014-2015 оны хичээлийн жилд 3,1 сая төгрөг, 2015-2016 оны хичээлийн жилд 2 сая, 2016-2017 оны хичээ­лийн жилд 6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сургалтын орчинг сайжруулан, хуучин спорт заалыг урлаг заал болгон тохижууллаа. Мөн эцэг эх, олон нийтийн оролцоотойгоор сургалтын чанарт хөнд­лөнгийн үнэлгээ хийж, төрөл бүрийн ажил зохион байгуулж хэвшсэн. Гэвч “Олон нийтийн оролцоот сургууль” чанарын стандартын үзүү­лэлтээр сургуулийн өнөөгийн байдлаа үнэлэхэд эцэг эх, олон нийтийн сургуулийн үйл ажиллагаан дахь оролцоо нь албадлагын шинж­­тэй, цаг хугацаа нь тогтмолжоогүй, нийт эцэг эхийн 60-70 хувь нь идэвх санаачилга бага байна хэмээн дүгнэлээ. Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг өв тэгш хөгжил, төлөвшилд эцэг эх, багш, олон нийт тал талаасаа нэгдэж, хамтран ажиллахад анхаа­рах хэрэгтэй гэж дүгнэсэн юм. Иймд “Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг талархан хүлээн авлаа. Сургуулийн үйл ажиллагаанд сайн дураараа үр дүнтэй оролцдог байх, бүтээлч үүрэг хүлээж, “Сургуулийн үйл ажиллагаанд байнгын идэвх санаачилга, оролцоотой, эцэг эхийн зөвлөлийг бий болгоно” гэсэн зорилго тавин, “Эрдмийн аяныг эрчимжүүлэгч-Эцэг эхийн зөвлөл” төсөл боловсруулан хэрэгжүүлж байна.

“Кофе юу?, цай юу?”

Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сургуулийнхаа 1-12 дугаар ангийн 22 бүлгийн эцэг эхийн төлөөллийг оролцуулан, “Кофе юу, цай юу?” уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Уулзалт ярилцлагаар “Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо сул байгаа шалтгаан болон оролцоог сайжруулах” тухай хэлэлцлээ. Мөн “Эцэг эхийн зөвлөл”-ийг 11 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулж, дүрэм журам, дотоод үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, баталлаа.

Сургуулийн эцэг эхийн зөвлөл ажиллаж байсан ч үйл ажиллагаа нь төдийлөн тогтворжоогүй, зөвхөн зөвлөлд сонгогд­сон хэдэн гишүүд л сургуулийн аливаа үйл ажиллагаанд оролцож, бусад эцэг эхийг татан оролцуулах ажил хангалтгүй байлаа. Иймд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эхлээд зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, тэдний ажиллах нөхцөл боломжийг сайжруулах үүднээс сургууль дээрээ эцэг эх, олон нийтийн хөгжлийн өрөөтэй болсон юм. Үүний үр дүнд эцэг эхчүүд сайн дураараа байнга сургууль дээр ирж, сургуулийн үйл ажиллагаанд өөрсдийн идэвх санаачилгаар оролцож, бусад эцэг эхтэй санал солилцох, хамтарч ажиллах боломжоор хангагдав. Зөвлөлийнхөн ч өөрсдийн чөлөөт цагаа­раа төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, ажил үүргээ явуу­лахад нь ихээхэн дэм болж байна. Ийнхүү эцэг эхчүүд хүссэн цагтаа сургуульд ирж, эцэг эхийн өрөөгөөр орж, сургуулийн үйл ажиллагаа болон хүүхдийнхээ хичээл сурлагыг хянах, хүүхдийнхээ хамт олон, найз нөхөдтэйгөө дотносох, багш нартай хамтран ажиллах боломж бүрдсэнд сэтгэл ханамжтай байна. Мөн хичээлээ тасалдаг, идэвх сул, сурагчдын эцэг эхчүүдэд санал хүргүүлж, тухайн хүүхдийн хичээлд сууж, багшид нь туслан ажилласнаар хүүхдүүд “хариуцлагажиж” хичээл тасалдаг сурагчдын тоо багассан үр дүн гарч байна.