Говь Алтай аймагт хэрэгжиж буй Нийгмийн эгэх хариуцлагын төсөл

Төслийн нэр: 
Сайн засаглалаас сайн сургууль
Хэрэгжиж буй аймаг, дүүрэг: 
Хамрах хүрээ: 

Говь-Алтай аймгийн төвийн 2 ба 3 дугаар сургууль, Бигэр, Төгрөг сумын сургуулиуд

Төслийн тухай товч танилцуулга:: 

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдэд ээлтэй сургалтын материаллаг болон сэтгэлзүйн таатай орчныг бүрдүүлэхэд засаглалын орчин гол нөлөөтэй билээ. Олон нийтийн оролцоотойгоор, тухайлбал өнөөгийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд эцэг эхийг оролцуулах замаар сургуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих, мэдээлэл авах, боловсруулах, түгээх, сургалтын орчныг сайжруулах, багшлах боловсон хүчнийг чадавхжуулахын тулд шийдвэр гаргах, бодлого боловсруулахад оролцуулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Боловсролын салбарт эцэг эхийн идэвх оролцоо, сургууль, багш нартай хамтран ажиллах байдал сул байгаа нь тухайн аймгийн боловсролын салбарт тулгамдсан гол асуудлуудын нэг гэж иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын төлөөлөл үзсэн билээ. Боловсролын талаарх хууль тогтоомжид эцэг эхийг оролцуулах үүргийг сургууль, багш нар хүлээсэн ч эцэг эхийн оролцоог сургуулийнхаа дотоод дүрэм журмаар нарийвчлан зохицуулж, утга учиртай зохион байгуулж хэвшээгүй буюу эцэг эхийн оролцоог нэр төдий, хэлбэрдсэн байдлаар зохион байгуулж иржээ.

Аймгийн түвшинд ил тод байдлыг бүрэн хангаж чадаагүй, төрийн байгууллагын зүгээс чадавхаа нэмэгдүүлэх эрэлт хэрэгцээ өндөр, хүүхдийн суралцах үйл явцын чанар дордсон, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо байхгүй, багш нартай хамтран ажиллах идэвх сул байгааг арилгахын тулд сургуулийн засаглалын орчинг сайжруулах чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Олон нийтийн зүгээс сургуулийн эцэг эхийн зөвлөл гэх нэр төдий, хэвшмэл үйл ажиллагааг өөрчлөх; сургуулиас эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх; сургуулиудын төсвийн тухай самбар үзүүлэнг ойлгомжтой, хүртээмжтэй болгох; “Сайн сургуулийг дэмжих аргачлал”-аар сургуулийн нөхцөл байдлыг тодорхойлох; суралцагчдын өөрийн удирдлагын байгууллагыг чадавхжуулах; багш нарын ур чадварыг дээшлүүлэх; эцэг эхийн идэвхгүй чиг хандлагыг өөрчлөх; эцэг эхчүүдэд зориулсан багц бэлтгэх хэрэгтэйг чухалчилсан байна. Боловсролын тухай хуулиар аймаг, сумын түвшинд боловсролын асуудлаар шийдвэр гаргахад хэрхэн оролцох тухай нарийвчлан зохицуулаагүй тул аймгийн боловсрол, соёл урлагийн газрын дэргэд иргэд, иргэний нийгмийн байгууллага, эцэг эхийн төлөөлтэй зөвлөлдөх механизм байгуулж ажиллуулна.

Сургуулийн зөвхөн материаллаг орныг сайжруулаад сургалтын чанар, хүүхдийн төлөвшилд өөрчлөлт гардаггүй учир сэтгэлзүйн болон засаглалын орчинд үнэлгээ хийж, асуудлуудыг олж харан хамтаараа төлөвлөгөө гаргаж сургуулийн түвшинд шийдвэрлэдгээрээ онцлогтой “Сайн сургуулийг дэмжих аргачлал”, төсөв, хөрөнгийн хуваарилалт, захиран зарцуулалтад байгаа алдаа, саад бэрхшээл, үргүй зардал, хөрөнгийн буруу хуваарилалт, зарцуулалт, алдагдал хаана үүсч буйг тодорхойлж, түүнийг засч залруулахад тусалдаг давуу талтай “Төсвийн хуваарилалт, зарцуулалтын хяналт мониторинг”, орон нутаг, олон нийтийн хэрэгцээ, тэргүүлэх чиглэлээ тодорхойлохдоо орон нутгийн нөөцөө давхар тооцож, хэрэгжүүлэхүйц, бодитой үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулдаг “Оролцоонд суурилсан төлөвлөлт” арга хэрэгслийг ашиглаж, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхийн хамт төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэхийг зорих болно.

Дээрх арга хэрэгслийг хэрхэн ашиглахыг заах, сургуулиудад үнэлгээ хийх, оролцогч талуудад нийгмийн эгэх хариуцлага зэрэг сэдвээр сургалт зохион байгуулах, сургуулийн үйл ажиллагааны мэдээллийг түгээх арга замыг нэмэгдүүлэх, багшийн болон эцэг эхийн оролцооны талаарх дотоод болон гадаадын туршлагыг орчуулан хуваалцах, сайн сургуулийн туршлагыг төслийн хүрээнд түгээх болно.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Насан туршийн боловсролын төв, сонгосон сумдын засаг захиргааны ажилтнууд, Бигэр, Төгрөг, Есөнбулаг сумын багийн засаг дарга нар төсөл хэрэгжүүлэхэд түншилнэ. Алтай Швейцарь сан ТББ, Ахмад багш нарын холбоо, Нийгмийн Ажилтны холбоо зэрэг орон нутгийн олон талт бүлэгт оролцсон ТББ, иргэдийн төлөөлөл төсөлд оролцож хамтран ажиллана. Сургуулийн дүрэм, журмыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчид, ТББ-ууд, эцэг эхийн оролцоотой ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгож өөрчилнө.

Сургуулийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мэдээллийг эцэг эх, суралцагчдад төрөл бүрийн сувгаар хүртээмжтэй, тогтмол түгээнэ. Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог хангахын тулд багш нарыг дэмжих, эцэг эхийн оролцооны чадавхыг нэмэгдүүлэх, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхийн хамт нэгэн зэрэг төрийн байгууллага, сургуулийн удирдлага зэрэг үйлчилгээ үзүүлэгч – үүрэг хүлээгчдийн зүгээс эцэг эх, иргэдийн хүсэлт, саналд хариу үйлдэл хийх, үр нөлөөтэй ажиллах ур чадварыг дээшлүүлнэ.

Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлснээр сонгосон сургуулийн суралцагчдын эцэг эх сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, сургуулиуд үзүүлж байгаа үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн төлөө чармайдаг, хариуцлагатай, ил тод болно. Орон нутгийн иргэд, засаг захиргаа хүүхдийнхээ сургуулийг сайн болгоход хувь нэмэр оруулж, орон нутгийн төрийн бус байгууллагууд чадавхжиж, иргэдийг идэвхжүүлэх аргад суралцана. Орон нутгийн төрийн байгууллагууд боловсролын үйлчилгээг чанартай болгоход иргэдийг оролцуулдаг, тэдний цуглуулсан мэдээллийг ашигладаг хандлага тогтсоноор аймаг, сумын боловсролын талаарх бодлого, үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл ханамж сайжирна.

Орон нутгийн төрийн бус байгууллага:

Нийгмийн бодлогын хэлтэс, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймаг, Монгол Улс Утас: +976-7048-4065
Алтай Швейцарь сан ТББ, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, Улаан загалмайн хорооны байр Утас: +976-7048-4761

Төслийн төлөвлөлт, хэрэгжилтийг зөвлөн ажиллаж байгаа түнш Төрийн бус байгууллага: 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 хороо, Нарны гудамж, Альфа цогцолбор, 302 тоот
Цахим шуудан: info@all4education.mn
Утас/факс: 7000-8292, 88186672
Вэбсайт: www.all4education.mn
Холбоо барих: Д.Тунгалаг, утас: 99129020 coordinator@all4education.mn