"Нийгмийн эгэх хариуцлага" гэж юу вэ?

Нийгмийн эгэх хариуцлагыг тодорхойлох нь

Нийгмийн эгэх хариуцлага нь төрөөс олон нийтэд үзүүлдэг үйлчилгээ (нийтийн үйлчилгээ), бусад шаардлагатай хэрэгцээг зохистой хэмжээнд хүргэхтэй холбоотой асуудлаар иргэд, иргэний нийгмийн байгууллагын (ИНБ) зүгээс (сонгуульд санал өгөхөөс гадна) төрд хариуцлага тооцох, мөн хариуцан тайлагнах үйл явцаа сайжруулах, холбогдох хариу үйлдэл хийхийг төрөөс шаардах, түүнчлэн  ИНБ, хэвлэл мэдээлэл, бусад нийгмийн бүлгүүдээс энэхүү хүчин чармайлтыг дэмжиж, оролцохыг  хүсдэг нийгмийн харилцааны механизм юм.

Нийгмийн эгэх хариуцлага (НЭХ) нь нээлттэй байдал, төр засгийн бодлогын боловсруулалт, түүний хэрэгжилтийн чанарыг сайжруулдаг бөгөөд засаглалын асуудлыг шийдэх, улмаар иргэдийн сайн сайхан амьдралыг баталгаажуулах зарчмын гол арга зам юм. Ингэснээр төр, засгийн газрын байгууллагууд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийн уг шалтгааныг илрүүлж, асуудлыг шийдвэрлэх оновчтой хувилбарыг сонгон хэрэгжүүлдэг. (Дэлхийн Банк, 2015)

НЭХ-ын талаарх бусад тодорхойлолтууд:

НЭХ нь төрд хариуцлага тооцох, хариуцан тайлагналтыг сайжруулах зорилго бүхий иргэд, ИНБ-уудын санаачилга болон энэхүү хүчин чармайлтыг дэмжсэн төр, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, донор байгууллагуудын үйл ажиллагаа юм. НЭХ нь олон нийтийн сонирхолын үүднээс төрд хяналт тавих, засаглалын тэнцвэрийг бий болгох засаглалын нэмэлт механизм. (НҮБХХ)

Нийгмийн эгэх хариуцлага нь зохион байгуулалттай, чадваржсан иргэд төрийн нөөцийн зохистой зарцуулалт болон нийтийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, иргэдийн эрхийг хамгаалахын төлөө төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож, үр дүнг  хянах үйл явц юм.  (ANSA-EAP)

Сүүлийн жилүүдэд Англи хэлний “Social accountability” гэх ойлголт Монгол хэлнээ “Нийгмийн хариуцлага”, “Нийгмийн хариуцан тайлагналт”, “Иргэдийн Хяналт” зэргээр орчуулагдан түгээмэл ашиглагдаж буй хэдий ч тухайн ойлголтын нэр томъёоны хувьд санал нэгдээгүй, мөн нэгдсэн тодорхойлолт байхгүй хэвээр байна. Иймд МУНЭХБ төслийн хүрээнд, 20 гаруй эрдэмтэд, судлаачид болон төрийн бус байгууллагууд хамтран хэлэлцэж, Монгол хэл шинжлэлийн мэргэжилтнүүдийн саналын дагуу Монгол хэлний хойш буцах, эргэх гэсэн утгатай “эгэх” хэмээх нэршсэн үйл үгийг нэмж цаашид “accountability” буюу “эгэх хариуцлага” хэмээн шинэ нэр томъёог хэвшүүлэхийг зорьж байна.

НЭХ-ын практикт өргөн хэрэглэгддэг үндсэн элемэнтүүд

  • Харилцан эсрэг байр суурьтай бус, үр бүтээлтэй хамтын ажиллагааг дэмжсэн бүтээлч оролцоо. НЭХ-ын хүрээнд сайн туршлагыг илрүүлэн, цаашид тогтвортой хадгалахаас гадна нөхцөл байдлыг сайжруулахад шаардлагатай асуудлыг тодорхойлох нь чухал.
  • Төрийн институц ба иргэд, иргэдийн бүлгийн төлөөлөл гэсэн оролцогч талуудын хоорондын түншлэл. Хувийн хэвшил, үйлдвэрлэгчид, нийтийн үйлчилгээ хүртэгч, хэвлэл мэдээлэл гэсэн олон талуудын оролцоо нь НЭХ-ын санаачлагын үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой.  Байнга шаардлагатай биш ч гэсэн харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг хамтын ажиллагааны зарим арга хэрэгсэл үр дүнтэй байдаг.  
  • Нотлох баримт, тодорхой арга хэрэгсэл ашиглах нь хамтын ажиллагааны үндэс суурь юм. Ямар арга хэрэгсэл, механизмуудыг хэрхэн ашиглах талаар холбогдох талууд харилцан ярьж, тохирдог. Энэхүү арга хэрэгсэлд жишээ нь нийтийн үйлчилгээний (эрүүл мэндийн үйлчилгээний талаарх иргэдийн санал хүсэлт) тухай иргэдийн сэтгэл ханамжийг тогтоох энгийн болон нарийвчилсан аргууд ч (эм, тарианы зардлын хяналт, шинжилгээ) багтдаг.
  • “Эргэх холбоог” бүрэн үүсгэхгүй тохиолдолд НЭХ-ын аливаа санаачлагыг хангалттай хэрэгжүүлсэнд тооцохгүй. Иргэд, оролцогч талуудын хөндсөн асуудлын талаар төрийн байгууллага, нийтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага бүгд санал нэгдэн, сайжруулах алхам, төлөвлөгөө гаргах нь чухал. 

НЭХ нь  тухайн үйл ажиллагааны нэгдсэн тогтолцоонд сууж өгсөн, тогтмол хэрэгждэг байх нь ихээхэн чухал. Ялангуяа НЭХ нь тулгамдсан асуудлыг шийдэх гол арга зам болж байвал.  Энэ үүднээс, нийтийн үйлчилгээг хүлээн авагч, үр шимийг хүртэгчид энэхүү тогтолцооны нэг гол хэсэг юм. Жишээ нь боловсролын үйлчилгээний хувьд багш- эцэг, эхийн холбоо болон сурагчид. Харин орон нутгийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний хувьд тухайн нутгийн иргэд гэх мэт.

Нийгмийн эгэх хариуцлагын аргачлалын зарим жишээ (Дэлхийн Банк, 2007)

Төрийн чиг үүрэг

Үйл явц

Нийгмийн эгэх хариуцлагын механизм, арга хэрэгсэл

Бодлого, төлөвлөлт

Оролцооны аргаар бодлого боловсруулах, төлөвлөх

  • Орон нутгийн асуудлаар хэлэлцүүлэг хийх
  • Туршлага судлах
  • Зөвлөлдөх, санал асуулга
  • Олон нийтийн сонсгол

Төсөв, төсвийн зарцуулалт

Төсөвтэй холбогдох нийгмийн эгэх хариуцлагын үйл ажиллагаа

  • Иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт
  • Төсвийн хараат бус шинжилгээ
  • Гүйцэтгэлд тулгуурласан төсөвлөлт
  • Төсвийн талаарх олон нийтийн боловсрол
  • Төсвийн зарцуулалтын шинжилгээ
  • Нийгмийн /олон нийтийн/ аудит
  • Төсвийн ил тод байдал /вэб хуудас/

Нийтийн үйлчилгээ хүргэх

Нийтийн үйлчилгээтэй холбогдох хяналт-шинжилгээ, үнэлгээ 

  • Олон нийтийн сонсгол
  • Иргэдийн үнэлгээний/тайлангийн карт
  • Иргэдийн онооны карт
  • Олон нийтийн санал асуулга
  • Олон нийтэд зориулсан мэдээлэл

Олон нийтийн хяналт

Нийгмийн эгэх хариуцлага, олон нийтийн хяналт

  • ИНБ-ын хяналтын хороо
  • Орон нутгийн иргэдийн хяналтын хороо
  • Омбудсмэн

Эх сурвалжууд:

World Bank. 2007. The Enabling Environment for Social Accountability in Mongolia. Washington, DC. © World Bank. http://bit.ly/SAMongolia

Grandvoinnet, Helene; Aslam, Ghazia; Raha, Shomikho. 2015. Opening the Black Box : The Contextual Drivers of Social Accountability. New Frontiers of Social Policy;. Washington, DC: World Bank. © World Bank.  http://bit.ly/SAContextualDrivers

Нийгмийн эгэх хариуцлагын талаар ДБ-ын бусад эх сурвалж: http://bit.ly/1UMKELU

Мөн энэхүү вэб хуудасны бусад хэсгүүд ялангуяа “Мэдлэгийн сан” хэсгийг харна уу.