Буцах
“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төслийн хүрээнд 2022 оны 12 сарын 22-ны өдөр “Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгийг Дорнод аймаг дахь ЛЕОС ТББ, “Талын сувдан гүүр” ТББ–тай хамтран зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгийн үр дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үр дүнтэй хүргэх, аймаг, сумын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг олон талын оролцоонд тулгуурлан тодорхойллоо. Мөн хамтаар тодорхойлсон асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх арга зам эрэлхийлэх, хамтын үйл ажиллагааны стратеги боловсруулах зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт Дорнод аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн хэлтэс, Санхүү Төрийн сангийн хэлтэс, Эрүүл Мэндийн Газар, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөл, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож аймгийн төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад иргэдийн оролцоо, мэдээллийн ил тод байдлыг хангаж буй байдал, тулгамдаж буй асуудал шийдлийн талаар хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр тодорхойлсон гол асуудал нь аймгийн төсвийн талаарх мэдээллийн хүртээмж хангалтгүй, мэдээллийн түгээлт, ашиглалтад эргэх холбоо дутмаг, төсвийн үйл ажиллагаанд хяналт хангалтгүй байгааг хамтаар тодорхойлж цаашид илүү сайжруулахад төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын оролцоо чухал ач холбогдолтой болохыг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.