Буцах
2023 оны 04 сарын 6-7–ны өдрүүдэд ГИТ-ийн МАSАМ II төслийн баг ЛЕОС-Булган ТББ, “Буйлхан ногоон хөгжил” ТББ-тай хамтран Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аппликейшнийг ашиглан иргэдээс санал авах үйл ажиллагааг Булган аймагт зохион байгууллаа. Үйл ажиллагаанд Булган аймгийн нийт 198 иргэнийг оролцуулж аппликейшнээр санал авах үйл явц болон аргачлалыг нийт 8 удаагийн үйл ажиллагаагаар зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахдаа аппликейшнээр дамжуулан улсын төсвийн хөрөнгө оруулалтад иргэд оролцохын ач холбогдол, аппликейшний онцлог, үйлдлийн системийг нэг бүрчлэн зааж сургахын зэрэгцээ аппликейшнээр дамжуулан санал авах үйл явцыг байгууллага, хамт олны төлөөлөл, гэр бүлийнхэндээ зааж, санал өгүүлэхийг уриалсан юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аппликейшнийг ашиглан Булган аймагт эцсийн дүнгээр шинээр санал өгсөн 228, давхардсан санал 609, үнэлгээ өгсөн нь 1166 дүнтэй байна.
Иргэдийн өгсөн саналаар: Булган 3-р сургуулийн дотуур байр, Номын сангийн байр, Гэр хороолллын дулааны шугам, явган хүний зам, Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн их засвар, тоног төхөөрөмж, Цэцэрлэг, Өрхийн эмнэлэг зэрэг ажлууд эрэмбэлэгдэж байгаа бөгөөд эдгээр байгууллагууд өөрсдийн хэрэгцээ, шаардлагыг иргэдэд ойлгуулах, тэдний санал авах ажлыг идэвх, санаачлага гарган ажилласан юм. Аппликейшн туршилтын үр дүнд иргэд төсвийн үе шатанд оролцох оролцоогоо илүүтэй мэдэрч, орон нутгийн хөгжилд оролцох сэдэл, хандлагыг нэмэгдүүлсэнд талархалтай байна.