Буцах
Нээлттэй Засгийн Түншлэлийн Үндэсний зөвлөлийн II хуралдаан болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан дугуй ширээний ярилцлага 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус тус болов. Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө IV-н хэрэгжилтийн үр дүнг танилцуулж тайланг хүргүүлэх тухай ярилцахаас гадна Монгол Улсын төлөөлөл 9 дүгээр сарын 6-7-ны хооронд зохион байгуулах Нээлттэй Засгийн түншлэлийн 8 дахь дээд хэмжээний уулзалтын бүрэлдэхүүнийг Үндэсний зөвлөлийн дэд дарга Н.Учрал сайд ахлан ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж, төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Б.Батцэцэг, элчин сайд Т.Жанабазар, нарийн бичгийн дарга Б.Болорсайхан, мэргэжилтэн Д.Номинчимэг нар оролцохыг танилцууллаа.
Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө V-г боловсруулах Ажлын хэсгийг олон талт оролцоог хангаж байгуулах шаардлагатай болохыг гишүүд онцолж Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас шат дараатай тодорхой өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийж, үүрэг амлалтаа бодитоор биелүүлэхээр үргэлжлүүлэн ажиллахаар тогтов. Тухайлбал, Нээлттэй Засгийн Түншлэлийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болорсайханы зүгээс төлөвлөгөө болон тайлагнах үйл явцыг тодорхой болгох журам хэрэгтэй байгааг, Нээлттэй нийгэм форум ТББ-ын төлөөлөл Д.Эрдэнэчимэг хэрэгжилт дээр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран сууж үнэлэх механизм бий болгох, ОҮИТБС-ын зохицуулагч Ш.Цолмон референтүүдийг илүү татан оролцуулах, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо ТББ-ын төлөөлөл Ш.Ариунаа хэрэгжилтийг хангах шинэ үйл явцын саналыг тус тус цохон тэмдэглэв.