Буцах
Нээлттэй засгийн түншлэлийн (НЗТ) дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, НЗТ-ийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болорсайхан "Ардчилсан шилжилтийн үед иргэний нийгмийн тогтвортой байдлыг бий болгох, хамгаалах нь" сэдэвт хэлэлцүүлгийн зочин илтгэгчээр оролцлоо. Тус хэлэлцүүлгийг Цивитатэс (Civitates) ТББ-ын захирал Элиза Петер чиглүүлж, Эл Десарроллогийн Харилцаа холбоо, хөгжлийн хүрээлэнгийн (ICD) захирал Анабел Круз, Доминиканы Бүгд Найрамдах Улсын Төрийн ёс зүй, шударга байдлын газрын Ерөнхий захирал Милагрос Ортиз Бош, Эль Сальвадор Улсын Эл Десарроллогийн үндэсний сангийн (FUNDE) Ил тод байдал, авлигын асуудал эрхэлсэн захирал Жессик Эстрада, Азербайжан Улсын Хуульчдын нийгэмлэг үүсгэн байгуулагч Зия Гулиев оролцож, нээлттэй засагт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн улсын тулгамдсан асуудал, түүнийг хэрхэн шийдэх талаар байр сууриа авлига, ардчилал, иргэний нийгэм, иргэний орон зайтай холбож хэлэлцлээ.
Мөн түүнчлэн НЗТ-ийн Экспогийн үеэр шагнал гардан авсан и-Монголиа санаачилгыг И-Монгол академи ҮТҮГ-ийн захирал Б.Мягмарнаран олон нийтэд танилцууллаа.
Чуулганы үдээс хойшхи салбар хуралдааныг том технологийн эрин үеийн дижитал засаглал, иргэний орон зайг онлайнаар сурталчлах, улсын төсвийг илүү хариуцлагатай болгох, дижитал засгийн газрын ирээдүй, дэлхий даяарх сонгуулийг хамгаалахын тулд хуурамч мэдээлэл, хүчирхийлэлгүй онлайн платформыг хэрхэн хангах вэ зэрэг сэдвээр зохион байгуулсан ба Монгол Улсын бүрэлдэхүүн дээрх салбар хуралдаанд оролцлоо.
Хаалтын арга хэмжээг Эстонийн Ерөнхий сайд Кажа Каллас, USAID-ийн администратор Саманта Пауэр, ЕХ-ны Олон улсын түншлэлийн асуудал эрхэлсэн Европын комиссар Жутта Урпилайнен, Рапплер компанийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Мария Ресса нарын хэлэлцүүлгээр өндөрлөв.
Нээлттэй засгийн түншлэлийн (НЗТ) дээд хэмжээний уулзалт 2023 оны 9 дүгээр сарын 5-7 -ны өдөр Эстони Улсын Таллин хотноо ийнхүү амжилттай зохион байгуулж дууслаа. 2024 онд Бүгд Найрамдах Кени Улсад хийх чуулганаар дахин уулзах ерөөл тавин улс бүр өгсөн амлалтдаа хүрэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэн өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээний үеэр 100 гаруй улсын 1550 орчим оролцогч нэгдсэн хуралдаан, дээд хэмжээний дугуй ширээний уулзалт, сэдэвчилсэн болон чөлөөт хэлэлцүүлэг, стратегийн уулзалт, семинар, танилцах арга хэмжээ, шагнал гардуулах ёслолд оролцжээ.