Буцах
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2024-2027 оны Үндэсний үйл ажиллагааны V төлөвлөгөөний төсөл боловсруулж танилцуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж төлөвлөгөөний агуулгыг боловсруулж эхэллээ. Үйл ажиллагааны үндэсний V төлөвлөгөөний төсөл боловсруулах явцад Нээлттэй засгийн түншлэлийн Хараат бус тайлагнах механизмаас иргэний нийгмийн орон зайг тэлэх, олборлох салбарын ил тод байдлыг сайжруулах, төрийн худалдан авах ажиллагааг ил тод болгох, зөвлөлдөх ардчиллыг бэхжүүлэх мөн өмнөх төлөвлөгөөний хугацаанд хэрэгжиж дуусаагүй үүрэг амлалтуудыг үргэлжлүүлэн ажиллахыг зөвлөсөн.
Хуралдааны үеэр Ажлын хэсгийн гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Нээлттэй засгийн түншлэлийн элч төлөөлөгч Л.Төр-Од Монгол Улс анх Нээлттэй засгийн түншлэлд нэгдэж байсан түүхийг ярьсан бол “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын тэргүүн Д.Жаргалсайхан системийн шинжилгээ хийх, Монгол Улсын Их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн профессор, доктор, “Стратеги академи” ТББ-ын захирал Д.Бумдарь, “Хүний эрх, хөгжил төв” ТББ-ын тэргүүн Г.Уранцоож нар эрдэс баялгийн салбарын ил тод байдал, баялгийн сангийн чухал асуудлыг дурдаж байлаа. Мөн “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Амарзаяа, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Оюунцэцэг нар энэ түншлэлийн үр шимийн тухай өөрийн бодлоо хуваалцаж Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Хөтөлбөрийн ажилтан Э.Баасансүрэн энэхүү төлөвлөгөө бусад бодлогын бичиг баримттай хэрхэн уялдах тухай, “Хэвлэл мэдээллийн зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн тухай, “Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ-ын Судалгааны хорооны дарга С.Амармэнд Монгол Улсын өмнөх тайлангаас сайн хэрэгжсэн түүх, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам төсвийн ил тод байдал, “Тунгаахуй өгөгдлийн урлан” ХХК-ын гүйцэтгэх захирал Э.Тунгалаг “нээлттэй өгөгдөл”-ийг шинэ зорилт болгон оруулах тухай тус тус онцолж хэлэлцлээ. Ажлын хэсгийн 2-р хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цахимаар зохион байгуулна.
Хуралдааны тэмдэглэлийг эндээс татаж авна уу.