Буцах
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төслийг Монгол Улсын хэмжээнд 2020-2023 онд Глоб Интернэшнл төв, Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүллээ.
Уг төслийн үр дүнг хэлэлцэх уулзалтыг 2023 оны 6 сарын 8-ны өдөр Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Уулзалтын гол зорилго нь төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын үр дүнг танилцуулах, оролцогч талуудтай мэдээлэл солилцох, нийгмийн эгэх хариуцлагад олон нийтийн оролцоог бэхжүүлэх, төслийн үр дүнг нутагшуулах хамтын шийдлийг хэлэлцэх зорилготой юм. Уулзалтад 140 гаруй оролцогч оролцсон бөгөөд үүнээс төрийн байгууллагын төлөөлөл 17, иргэний нийгмийн байгууллагын 125 төлөөлөл оролцлоо.
Уулзалтыг нээж ШХА-ны газрын дарга, Ерөнхий консул Стефани Бурри нээлтийн үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ "Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар дамжуулан иргэд, олон нийт мэдээлэлд илүү ойр болж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэн улмаар эрүүл мэнд болон, төсвийн хөрөнгө оруулалтад оролцох боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм. Ардчилал гэдэг бол хэзээ ч дуусашгүй, оролцох үйл явц юм...” хэмээн онцлон дурдлаа.
Уулзалтын үеэр төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны онцлох үр дүнг танилцуулах таван өртөөг тусгайлан засаж, оролцогч талуудад төслийн багийнхан мэдээлэл өгч ажиллалаа. Үүнд:
1. Хоёрын өмнөх нэгийг саная- МАSAM 1 төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулах өртөө
2. Эрүүл мэндийн үйлчилгээг иргэнд ойртуулъя- MASAM II төслийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр хийсэн үйл ажиллагааг танилцуулах өртөө
3. Хөрөнгө оруулалтыг хүндээ хүргэе- Төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хийсэн үйл ажиллагаануудыг танилцуулах өртөө
4. Шилэн төсөв, шийдэлд суралцъя- Нийгмийн эгэх хариуцлага, ил тод байдлын байдлыг сайжруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаануудыг танилцуулах өртөө
5. Боломжит хувилбараар бодлогод нөлөөлье- Бодлоыг түвшинд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудыг танилцуулах өртөө
Мөн уулзалтын үеэр төслийн үр дүн, цаашдын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт төслийн оролцогч талуудын төлөөлөл болох Сангийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Дэлгэржаргал, Дэлхийн банкны Монгол дахь суурин Төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир, Дорнод аймгийн иргэний төлөөлөл О.Энхтөр, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээллийн албаны дарга Ц.Доржмягмар, ДЗМОУБ MASAM II төслийн зохицуулагч Б.Ууганхүү нар оролцлоо.
Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал: Энэ төсөл хэрэгжсэнээр манай аймагт маш олон боломжууд бий болсон. Төр болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажилласнаараа бие биенийхээ олж хараагүй асуудлуудыг харсан. Мөн ИНБ-ууд иргэдийнхээ дуу хоолойг төлөөлж төрийн байгууллагуудад илэрхийлж байснаараа онцлог байсан. Иргэдэд өөрсдийн дуу хоолойгоо зөвөөр илэрхийлэхэд ИНБ-ууд туслаж хамтарч ажилласан нь гол үр дүн байлаа.
Сангийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Дэлгэржаргал:
Төсвийн хөрөнгө оруулалт, төлөвлөлт гэдэг бол бүх байгууллагуудын чиг үүрэг, төсвийн цагалбарыг хуульчилж өгсөн байдаг. Үүнд бид иргэдийн оролцоо, хяналтыг бий болгож, саналыг тусгана гэдэг шинэ зохицуулалт, шинэ алхам, шинэ эрх зүйн орчин бүрдүүлэх суурийг тавьж байна гэсэн үг. Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны ололт амжилт бол Сангийн яамны хувьд бүхий л үйл ажиллагаанд бид олон талыг оролцуулах шаардлагатай юм байна гэдгийг олж харсан явдал байлаа. Өөрөөр хэлбэл өмнө нь төсвийн төлөвлөлтөд төрийн байгууллагууд өөрсдөө л оролцдог байсан бол энэ ажлын хүрээнд иргэдийг бодитоор оролцуулснаараа ололттой байлаа.
Дэлхийн банкны Монгол дахь суурин Төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир: Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд нь иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцох цахим платформуудыг бий болгож, бодит үйл ажиллагаануудыг хэрэгжүүлснээрээ онцлог юм. Энэ бол иргэдийн оролцоог бэхжүүлэх хэрэгсэл. Харин цаашдын тогтвортой байдлыг хангах гол мяндас бол хүн байх ёстой. Тиймээс орон нутгийн ИНБ-уудын идэвхитэй үйл аижллагаа, иргэн, төрийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм.
Төслийн үйл ажиллагааны онцлох үр дүнгүүд:
Төслийн үр дүнд төсвийн хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүнг сайжруулах чиглэлээр мэдээлэл харилцааны технологид суурилсан платформыг ашиглан, иргэдийг шаардлагатай мэдээлэл авах, санал хүсэлтээ илгээх боломжоор хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар иргэний нийгмийн байгууллагуудын дэвшүүлсэн, тулгамдаж буй асуудлуудаа бүтээлч хамтын оролцоонд тулгуурлан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан юм. Энэ ажлын хүрээнд дараах гол гол үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн, тодорхой үр дүнд хүрээд байна. Үүнд:
- Улсын төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хялбараар хүргэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн 2022, 2023 оны төсвийн мэдээллийг ашиглан “Иргэдийн төсөв” эмхэтгэлийг санхүү төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж, олон нийтэд түгээв.
- “Төсвийн хөрөнгө оруулалт” аппликейшнд “Иргэдийн оролцоо” нэмэлт цэсийг хөгжүүлэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, хяналтад иргэдийн оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор аппликейшнээр дамжуулан нийт 26283 иргэнийг оролцуулан санал авах үйл ажиллагааг зохион байгуулав.
- Мөн төслийн хүрээнд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг үнэлэх” цахим порталыг хэрэглээнд нэвтрүүлэн орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулан иргэдийн бүтээлч оролцоог бий болгох, дэмжих нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллалаа. Төслөөс боловсруулсан аргачлал болон нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг ашиглан 32 иргэний нийгмийн байгууллага эрүүл мэндийн санаачилгуудыг хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд нийт 32048 иргэд сургаалтанд хамрагдаж, санал хүсэлтээ илэрхийлэх, үнэлгээ өгөх, хяналт хийх зэрэг оролцоогоор дамжуулан төслийн үйл ажиллагаанд хамрагдсан юм.
- Дээрх цахим порталыг хэрэглээнд нэвтрүүлснээр 4 сарын хугацаанд 84000 хандалтыг авсан бөгөөд 9557 иргэн сэтгэл ханамжийн судалгаанд хамрагдаж, 1612 иргэн санал хүсэлтээ илэрхийлсэн байна.
- Төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн оролцоотой хяналт үнэлгээ хийх аргачлал”-ыг боловсруулав. Нийт 35 Иргэний нийгмийн байгууллага аргачлалуудыг хэрэгжүүлснээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх нийт 256 гишүүнтэй 38 иргэний хяналтын бүлэг байгуулагдаж, нийт 41 санаачилгын ажлыг орон нутагтаа зохион байгуулж сайжруулах шаардлагатай асуудлыг илрүүлэн шийдвэр гаргах түвшний төлөөллүүдтэй хамтран шийдвэрлэхээр зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.
- Төслийн эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн гол үр дүнгүүдийн нэг бол “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг үнэлэх” цахим портал юм. Энэ порталд монгол улсын бүх анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг холбосон бөгөөд иргэд QR код уншуулан өөрийн үйлчлүүлдэг өрх, сумын эрүүл мэндийн төвийн хүний нөөц санхүүжилтийн мэдээлэлтэй танилцаж, санал хүсэлтээ илэрхийлэх, сэтгэл ханамжийн судалгаанд оролцох боломжийг бүрдүүлсэн юм.
- “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” 4 модуль сургалтыг Монгол Улсын хэмжээнд 77 удаагийн сургалтаар 2243 иргэн, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын төлөөллийг чадавхжуулав.
- Мөн 4 модуль сургалтын тогтвортой байдлыг хангах зорилгоор цахим сургалтын хувилбарыг боловсруулан интернэт орчинд байрлуулаад байна. Ингэснээр дээрх сургалтын агуулгыг хүссэн хүн бүхэн бие даан, цахимаар суралцах боломжтой юм.
MASAM II төслийн гол үр шим хүртэгч нь төрийн үйлчилгээ авагч иргэд үндэсний болон орон нутгийн иргэний нийгэм, технологийн түүчээ байгууллагууд, төрийн захиргааны төв болон орон нутгийн удирдлага, төрийн үйлчилгээний байгууллага, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний байгууллагууд юм.