Буцах
“Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн хоёрдугаар үе шат болох MASAM-2” төсөл Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд хэрэгжиж байна. Төсөл нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт төрийн хөрөнгө санхүүг зохистой зарцуулж, төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. 2020-2023 онд хэрэгжих тус төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн (GPSA) санхүүжилтээр Дэлхийн Банк хэрэгжүүлж байна. Төслийг хамтран хэрэгжүүлэгчээр Дэлхийн Зөн Монгол ОУБ болон Монгол дахь Японы Хүүхдийг Ивээх Сан, Глоб Интернэшнл төв ажиллаж байгаа юм.
Завхан аймагт төслийн хэрэгжилтийг Дэлхийн Зөн Монгол ОУБ хариуцан ажиллах бөгөөд төслийн багийнхан орон нутгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагууд, төрийн албан хаагчдыг төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсэлийг ашиглах нь" сэдэвт дөрвөн модуль сургалтыг 12 дугаар сарын 13-аас 14-ний өдрүүдэд орон нутагт зохион байгууллаа. Төслийн хүрээнд сургалтаар чадавхжсан ИНБ-ын төлөөллүүд болон төрийн албан хаагчид хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж орон нутагт нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх зорилгоор иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн төсвийн хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, олон нийт рүү чиглэсэн сургалт сурталчилгааны үйл ажиллагаа, нөлөөллийн ажил хийхээр төлөвлөж байна.
Мөн төслийн багийн ахлагч орон нутгийн удирдлагуудтай уулзан төслийн зорилго үйл ажиллагааг танилцууллаа. Орон нутгийн зүгээс төслийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.