Буцах
Оролцоот шийдэл хэлэлцүүлгийг төслийн зорилтот аймгууд болох Дархан, Сэлэнгэ, Орхон аймгуудад зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт болон хөрөнгийн удирдлагад болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд аймаг, сумдын хэмжээнд тулгамдаад буй асуудлыг олон талын оролцоонд тулгуурлан тодорхойлох, тодорхойлсон асуудлуудаа хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлж, хамтын үйл ажиллагааны стратеги боловсруулахад чиглэсэн юм.
Оролцоот хэлэлцүүлгийн нэг онцлог нь тус гурван аймгийн төрийн байгууллагын мэргэжилтнүүд салбарынхаа нөхцөл байдал, тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл хийсэн явдал юм. Тухайлбал, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нар орон нутагтаа ТХО-аар хийгдсэн хөрөнгө оруулалт, түүнд тулгарч буй асуудлуудын талаар, харин аймгуудын ЭМГ-ын төлөөллүүд тухайн орон нутгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэгт оролцогчдод цаг үеийн, орон нутгийн онцлог бүхий мэдээллийг хүргэв.
Хэлэлцүүлгийн үр дүнд, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд харилцан адилгүй нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн онцлогоос улбаатай нь тодорхой байв. Тодруулбал, дээрх гурван аймгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээтэй /ЭМАШТҮ/ холбоотой тулгамдаж буй нийтлэг асуудал ЭМАШТҮ үзүүлж буй нэгжүүдийн хүний нөөц, чадавх, хандлагын асуудал, тэр дундаа сэтгэл зүйчийн орон тоо байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж, үйлчилгээ авах боломж, дэд бүтцийн асуудал байсаар байгааг хэлэлцүүлэгт оролцогч талууд хэлж байв. Нөгөө талаас, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэйг бас онцолж байв. Мөн, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг дутмаг байдал нийтлэг байгааг онцолж байлаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид иргэний нийгмийн болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулснаар олон асуудал шийдэгдэх боломжтойг, мөн иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах нь дээрх асуудлуудыг шийдэх нэг гарц болохыг хэлэлцэв. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Сэлэнгийн ОНӨГ-ын Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д.Ариунтуул нар ИНБ-ын төлөөлөлд сургалт, мэдээлэл хийхээ амлав. Мөн Дархан-Уул аймгийн ОНӨГ-ын Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батчимэг “Худалдан авах ажиллагаанд үнэлгээ хийхэд иргэдийн оролцоо чухал байдаг.
Иргэд оролцож, дүн шинжилгээ хийснээр худалдан авах ажиллагаа ил тод явахад түлхэц болно. ИНБ-ын төлөөллөөр дамжуулаад иргэд зөв, эерэг мэдээллийг олж авна. Худалдан авах ажиллагаа, тендер зарлалтыг иргэд бодитоор олж хараад, оролцоод явахаар цаашдаа олон нийтэд эерэг, зөв мэдээлэл түгээхэд тустайг” олж харснаа хуваалцав. Түүнчлэн, иргэний нийгмийн байгууллагуудаас төрийн байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхжуулах санаачилга гаргав. Тухайлбал, Орхон аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв ТББ-ын тэргүүн Г.Болдбаатар төрийн байгууллагын, тэр дундаа, ӨЭМТ-ийн мэргэжилтнүүдэд дохионы хэлний сургалт, мэдээлэл хийх, мөн хамтран ажиллах санал гаргав.