Буцах
Глоб Интернэшнл Төв (ГИТ)- ийн хэрэгжүүлж буй МАСАМ II төслийг орон нутагт хэрэгжүүлэх иргэний нийгмийн байгууллагуудыг дахин чадавхжуулах, менторлох сургалтын үйл ажиллагаа 2022 оны 3 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Сургалт-менторингт ГИТ-ийн зорилтот долоон аймаг болох Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Улаанбаатар хотын Багануур, Налайх, Сонгинохайрхан дүүргүүдээс тус бүр хоёр иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, нийт 20 хүн оролцлоо.
МАСАМ II төслийн хүрээнд төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүлд мэндийн анхан шатны тусламж /ЭМАШТҮ/, үйлчилгээнд иргэдийн оролцоог хангахын тулд технологийн шийдлүүдийг эрэлхийл буй бөгөөд одоогоор ЭМАШТҮ-тэй холбоотойгоор И-Монголиатай хэлэлцээрийн түвшинд буйг, харин Сангийн яамтай төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр гар утасны аппликейшн туршиж үзэх гэж буй талаар мэдээлэл хүргэв.
Сургалт-менторингт оролцогсод 10 орон нутагт хийгдсэн “Оролцоот шийдэл” хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар мэдээлэл сонссоны дараагаар Ардчиллын боловсрол төвийн тэргүүн Г.Ундралын “Нийгмийн эгэх хариуцлагын зарим арга хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглах нь” сэдвийн хүрээнд нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэх үйл явцад гарсан хүндрэл бэрхшээл, сорилтуудын талаар лекц сонсож, улмаар туршлагаа хуваалцав. Ялангуяа, “Иргэдийн онооны карт” аргачлалыг хэрхэн нутагшуулж, үр дүнтэй судалгаа-мониторинг хийсэн талаар харилцан яриа энэхүү хэсгийн үеэр өрнөв.
ГИТ-ийн “Ил тод, сайн засаглалыг дэмжих нь” хөтөлбөрийн менежер Ч.Энхбаяр “Мониторинг хэрхэн хийх вэ?”, “Мэдээлэл цуглуулах, баримтжуулах, баталгаажуулах нь”, “Нөлөөлөл хэрхэн хийх вэ?” сэдэвт хэсгүүдийн удирдан явуулав. Үүний үр дүнд ИНБ-уудын төлөөллүүд өөрсдийн орон нутгийнхаа онцлогт тулгуурлан, хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хүрээнд мониторинг хийх ажлын зорилго, зорилт болон алхмуудаа тодорхойлох дадлага ажлыг хийж, бусад оролцогчдоосоо зөвлөгөө, зөвлөмж авав.
Сургалт-менторингт оролцогч орон нутгийн ИНБ-ууд нь МАСАМ II төслийн хүрээнд үндсэн хоёр чиглэлд буюу төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээтэй холбоотой багадаа тус бүр нэг, мөн нэг удаагийн олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх ажил зохион байгуулах юм.