Буцах
“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төсөл нь Монгол Улсын хэмжээнд 2020-2023 онд хэрэгжих ба төслийг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байна. Төслийн хамтран хэрэгжүүлэгчээр Глоб Интернэшнл төв ажиллаж байна.
МАСАМ II төслийн мэдлэг ойлголт дээшлүүлэх бүрэлдэхүүний нэг хэсэг нь төсвийн хөрөнгө оруулалтад хуваарилсан төсөвт салбарын "орон нутгийн иргэдийн төсөв"-ийг аймгийн хэмжээнд боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул аймгуудын "орон нутгийн иргэдийн төсөв"-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хэрэгсэл ашиглан иргэдийн төсвийн эмхэтгэл бэлтгэх нь” бүсчилсэн сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран “Гранд Як” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Тус сургалтыг Дэлхийн Банкны зөвлөх П.Ганчимэг, Э.Цогбаяр, Ж.Мягмар нар удирдан чиглүүллээ. Сургалтад эдгээр зургаан аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд болон ахлах мэргэжилтнүүд оролцлоо.
Оролцогчид энэхүү сургалтын үр дүнд иргэдийн төсвийн агуулга, ач холбогдол, иргэдийн төсвийн эмхэтгэл бэлтгэх хэрэгслийн бүтэц, онцлог, эмхэтгэл бэлтгэхэд ашиглах мэдээлэл, тэдгээрийг бэлтгэх тухай мөн тус эмхэтгэл дэх аймаг болон сумдын нэгдсэн төсвийн мэдээлэл, аймаг/сумын хөрөнгө оруулалтын мэдээллийг бэлтгэх зэрэг агуулгын хүрээнд “Иргэдийн төсөв” эмхэтгэл бэлтгэх аргачлалд суралцлаа.
Төв аймгийн ЗДТГ-ын ХБТХ-ийн ахлах мэргэжилтэн А.Туяажаргал:
Аймаг, сумдад санхүүжилтийн эх үүсвэрүүд янз бүр байдаг. Тэгвэл энэ гарын авлагад тухайн аймаг орон нутагт ямар эх үүсвэрээс хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн бэ гэдгийг зурган хэлбэрээр, ойлгомжтой байдлаар үзүүлсэн учраас иргэд татварын мөнгийг хэрхэн юунд зарцуулж байгааг харах боломжтой болсон нь маш чухал ач холбогдолтой юм. Энэхүү сургалтад хамрагдсанаар бид орон нутгийнхаа гарын авлагыг эцсийн байдлаар боловсруулж орон нутгийнхаа ИТХ-д танилцуулах, иргэдэд гарын авлагыг түгээн дэлгэрүүлэх, мөн 2023 оны хөрөнгө оруулалтын төсвийг энэ аргачлалын дагуу боловсруулж ажиллана.
Архангай аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн А.Батболд:
Иргэдэд төсвөө хэрхэн ойлгуулах вэ гэдэг хэрэгцээ шаардлага санхүү, төрийн сангийн мэргэжилтнүүдэд их байдаг. Тэгвэл энэ хэрэгцээ шаардлагыг хангасан маш хэрэгтэй сургалт боллоо.