Буцах

МАСАМ II төслийн баг гурван аймагт үр дүнтэй ажиллав

02 Nov 2022 share

Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Глоб Интернэшнл төв /ГИТ/ ТББ-ын МАСАМ II төслийн баг 2021 оны 12 дугаар сарын 6-наас 17-ны хооронд зорилтот гурван аймаг болох Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудад ажиллалаа.

ГИТ-ийн МАСАМ II төслийн баг тус аймгуудад аймгуудын Засаг даргын Тамгын газруудтай /ЗДТГ/-тай хамтран гурван үйл ажиллагаа хийв. Тухайлбал, аймгуудын төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийхдээ МАСАМ II төслийн албан ёсны танилцуулга хийж, төслийн талаарх санал бодлоо солилцов. Уулзалтад тус гурван аймгийн ЗДТГ-ын дарга нар, ЗДТГ-ын харьяа Нийгмийн бодлогын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газрын /ОНӨГ/ Худалдан авах ажиллагааны хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, дарга нар, иргэний нийгэм болон иргэдийн төлөөлөл нийт 37 хүн оролцов. Уулзалтын үеэр төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд бүтээлч, үр дүнтэй хамтын ажиллагаа чухал гэдэгтэй санал нийлж байв. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат “Нийгэмд үйлчилдэг ТББ-уудтай хамтраад, ажлын хэсэг байгуулах замаар орон нутагтаа тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц хайж болох” тухай хэлэв. Мөн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Бадмаа анхан шатны тусламж үйлчилгээг орон нутагт сайжруулах асуудлыг хөндөн, энэхүү төсөл хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд, хамтран ажиллахдаа нээлттэй буйгаа хэлэв. Сэлэнгэ аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Я.Мөрөн “Төр болон иргэний нийгмийн байгууллагуудын дунд мэдээлэл, ойлголтын зөрүү их байдгийг” онцлоод, цаашид үүнийг шийдэх тал дээр “иргэдэд төлөвлөлтийн шатнаас эхлээд ойлгомжтой хэлбэрээр мэдээллийг хүргэдэг, танилцуулга хийхэд анхаарна” гэв. Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун “Манай аймгийн бодлого, чиглэлтэй та бүхний хэрэгжүүлж буй төсөл уялдаж байгаа тул дэмжиж ажиллах болно. Тодруулбал, бидний авилга, ашиг сонирхлын зөрчилгүй, ил тод, иргэдийн оролцоог хангасан аймаг болох зорилго, зорилттой нягт уялдаж байна” гэв. Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Соёлчхүү “Иргэдийн нийгмийн идэвх, төрдөө итгэх итгэл сул байгаа учир бид иргэдэд мэдээлэл олгох, тэдний нийгмийн идэвхийг сайжруулах тал дээр МАСАМ 2 төслийн багта нэгдэх ёстой гэж ойлгож байна” гээд,  “Аймгийн хөгжлийн бодлогод санал өгч байгаа иргэдийн хувьд нөгөө л ахмад настнууд, эсвэл цөөн хэдхэн хүн л байдаг. Мөн аймгийн хөгжлийн ирээдүйг бодсон санал өгдөг хүн цөөн буюу ихэнх нь зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө л санал өгдөг. Үүнийг хөгжлийн бодлоготой уялдуулахад үнэхээр хүндрэлтэй байгаа учир энэ төсөл маш их ач холбогдолтой гэж үзэж” буйгаа илэрхийлэв. Тус аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваадорж “Төсвийн хөрөнгө  оруулалт дээр иргэдээс санал авах ажлыг цаг хугацааны хуваарьтай уялдуулах, хэрэгжиж буй бусад төслүүдийн хоорондын уялдааг хангах дээр анхаарлаа хандуулна” гэв. Харин Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Жанболат хэлэхдээ, “Хүний хөгжлийн индексээр манай аймаг улсдаа тэргүүлдэг. Цахим Эрдэнэт төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн байгууллага одоо цахим системд нэвтрэхээр бэлтгэл ажлаа хангасан”-ыг онцлов.

Төслийн багийн хоёр дахь үйл ажиллагаа төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг чадавхжуулах дөрвөн модулиас бүрдсэн сургалт байв. Сургалтад гурван аймгаас нийт 71 хүн хамрагдав. Энэхүү дөрвөн модуль сургалт нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагынхны төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой байв. Сургалтад оролцогчдын сэтгэгдлээс дурдвал, Сэлэнгэ аймгийн МЭХ-ны Алтанбулаг сумын Эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн тэргүүн Ю.Цэрэндолгор “төр, ИНБ-ын хооронд харилцан ойлголцол байж, үр дүнтэй ажиллах, улмаар энэ нь иргэдэд үр өгөөжөө өгөх” болохыг сайтар ойлгосноо хуваалцав. Тэрбээр сургалтын үеэр хуваалцсан олон улсын болон Монгол улсын сайн туршлагуудаас Сэлэнгэ аймагтаа нутагшуулах, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах тал дээр хэд хэдэн санаа төрсөн. Мөн тэдгээр туршлагаас орон нутагтаа хэрэгжүүлж ажиллана” гэв. Мэдээллийн Орхон 21-р зуун төв ТББ-ын гүйцэтгэх захирал О.Хишигсүрэн “Энэхүү сургалтын ач холбогдол бол төрийн байгууллага, ИНБ-ын хооронд гарч буй маш том дэвшил” гэж харж буйгаа ЭМГазрын төлөөлөл Б.Мөнхзулын сургалтын үеэр хэлсэн сэтгэгдэл, тайлбаруудаас “олон зүйлийг ойлгосон”-тойгоо холбон тайлбарлав. Тухайлбал, тэрбээр “Буруутай үйлдэлд зөвхөн төрийн байгууллагыг буруутгах бус, иргэдээс өөрсдөөс нь шалтгаалж буй олон зүйл байгааг олж харлаа. Иргэд мэдээлэл дутмаг байдгаас энэ бүхэн үүдэлтэй гэж бодож байна. Иргэдэд хэрэгцээтэй мэдээлэл нээлттэй байх ёстой. ИНБ-ын төлөөлөл бид энэ бүхэн дээр хэрхэн хамтарч ажиллах, амжилтанд хүрэх талаар ярилцаж, улмаар хамтын ажиллагааны эх сууриа тавих боломжийг энэ сургалт бүрдүүллээ” гэв. Дархан сумын 10-р багийн ИНХ-ын дарга Т.Мөнхбат “Энэ сургалтаас орон нутгаа хөгжүүлэхэд иргэн бүрийн бүтээлч, амьд холбоо хэрэгтэй”-г сайтар ойлголоо. Тэрбээр үргэлжлүүлэн, “Иргэд бид өөрсдөө хөөцөлдөж, оролцож байж, ажил бүтдэг, нэг нэгнийгээ хоосон шүүмжлээд ямар ч үр дүнд хүрэхгүйг ойлгосон. Мөн төсвийн хууль дээр аваад үзэхэд, бүх юм цаг хугацаатай, цаглабартай байдаг,  тэр хугацаанд нь иргэд бид оролцож чадахгүй бол үр дүнгүйг мэдэж авлаа. Багийн засаг дарга нар, ИТХ-ын дарга ч иргэдэд мэдээлэл хүргэхдээ муу байдгийн олж мэдлээ. Иймд, бидний эцсийн зорилго бол иргэдэд төрийн үйлчилгээг цаг хугацаанд нь хүргэж байх ёстой юм гэдгийг сургалтаас ойлгосон” хэмээн сэтгэгдлээ хэлэв. Орхон аймгийн Эрдэнэт хүмүүний эв нэгдэл ТББ-ын УЗ-ын тэргүүн Б.Батцэцэг “Орон нутгийн иргэд бид төсөв гэж юу болох, иргэдийн төсөв гэдэг нь иргэдэд ойлгомжтой хэлбэрээр мэдээлэл хүргэдэг болохыг энэ сургалтаас ойлгож, мэдлээ. Сургалтын гол үр дүнг төр-иргэн хоёрын түншлэл чухал, төр нь иргэндээ нээлттэй байх, иргэн нь ч мөн төрдөө нээлттэй байж, хамтран ажиллах боломж” гэж харж буйгаа илэрхийлэв. Орхон аймгийн БОЭТ-ийн эдийн засагч Г.Баттогтох “Төр-иргэн хоёрын түншлэлийг бэхжүүлэхэд нийгмийн эгэх хариуцлага чухал нөлөөтэйг сайн ойлголоо. Түүнчлэн, энэхүү 2 өдрийн сургалт, иргэд маань төсвийн төлөвлөлт, төсвийн үр ашиг, иргэд түүн дээр яаж хяналт тавих, хяналт тавихын тулд ямар арга замаар оролцох, иргэдийн эрх, үүрэг зэргийг тодорхой, ойлгомжтой хэлбэрээр тайлбарласан сургалт боллоо” гэв.

Гуравдугаарт, төслийн баг олон талын төлөөллүүдийг хамруулан, “Оролцоот шийдэл” нэртэй хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд гурван аймгаас нийт 57 хүн оролцов. Энэхүү хэлэлцүүлэг хоёр зорилгын хүрээнд, тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт болон хөрөнгийн удирдлагад болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд аймаг, сумдын хэмжээнд тулгамдаад буй асуудлыг олон талын оролцоонд тулгуурлан тодорхойлох, тодорхойлсон асуудлуудаа хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлж, хамтын үйл ажиллагааны стратеги боловсруулахад чиглэсэн юм. Оролцоот хэлэлцүүлгийн нэг онцлог нь тус гурван аймгийн төрийн байгууллагын мэргэжилтнүүд салбарынхаа нөхцөл байдал, тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл хийсэн нь байлаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нар орон нутагтаа ТХО-аар хийгдсэн хөрөнгө оруулалт, түүнд тулгарч буй асуудлуудын талаар, харин аймгуудын ЭМГ-ын төлөөллүүд тухайн орон нутгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэгт оролцогчдод цаг үеийн, орон нутгийн онцлог бүхий мэдээллийг хүргэв. Хэлэлцүүлгийн үр дүнд, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд харилцан адилгүй нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн онцлогоос улбаатай нь тодорхой байв. Тодруулбал, дээрх гурван аймгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээтэй /ЭМАШТҮ/ холбоотой тулгамдаж буй нийтлэг асуудал ЭМАШТҮ үзүүлж буй нэгжүүдийн хүний нөөц, чадавх, хандлагын асуудал, тэр дундаа сэтгэл зүйчийн орон тоо байхгүй,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж, үйлчилгээ авах боломж, дэд бүтцийн асуудал байсаар байгааг хэлэлцүүлэгт оролцогч талууд хэлж байв. Нөгөө талаас, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэйг бас онцолж байв. Мөн, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг дутмаг байдал нийтлэг байгаа нь харагдав. Орон нутаг бүрийн онцлогоос шалтгаалсан асуудлуудын тухайд, Орхон аймаг материаллаг хангамж буюу эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт харьцангай сайн, ӨЭМТ-ийн хувьд тусгай байшин барилгатай ч, харилцаа хандлага өөрчлөх, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын тогтвор суурьшлыг хангах, тэднийг мэргэшүүлэх зэрэг асуудал нэн тэргүүнд тулгарч байна. Харин Дархан, Сэлэнгэ аймгийн хувьд стандартад нийцсэн ӨЭМТ-ийн барилга барих хэрэгцээ нэн тэргүүнд тавигдаж байгаа бол Орхон аймгийн хувьд 8 ӨЭМТ нь бүгд өөрийн гэсэн байртай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчлүүлэх боломжийг эс тооцвол, стандартад нийцсэн хэмээн орон нутгийн төрийн захиргааны, эрүүл мэндийн байгууллагын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд үзэв. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээтэй холбоотой 13А маягт чирэгдэл учруулдаг, хөнгөлөлттэй эмийн жорыг эмч бүр бичдэггүй, эмнэлгүүдийн хооронд уялдаа ххолбоо байддаггүй, харьяалалгүй бол тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй гэх мэт усад асуудлуудыг хөндсөнөөс Сэлэнгэд хөнгөлөлттэй эмийн жор бичдэг эмч нарын өрөөний хаалганд энэ талаарх мэдээлэл бичиж хадах, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, ӨЭМТөвүүдтэйгээ хамтран ажиллах гэрээ байгуулах гэх мэтээр шийдэлд хүрэв. 

Төсвийн хөрөнгө оруулалттай /ТХО/ холбоотой нийтлэг асуудлуудаас дурдвал, ТХО-ын талаар иргэд мэдээлэлгүй, эсвэл идэвх, оролцоо сул, ТХО-аар хийгдсэн зарим бүтээн байгуулалт стандарт, чанарын шаардлага хангахгүй байгаа, эсвэл төлөвлөлтөд тусгагдаагүй, зураг төсөв нь батлагдаагүй ажлууд ТХО-аар хийгдсэн, ТХО-д хөндлөнгийн хяналт тавих боломж муу байна. Мөн төрийн байгууллагуудын мэдээллээ түгээдэг цахим хуудсуудад тавигдсан мэдээлэл нь ойлгомжгүй байдаг. Түүнчлэн, худалдан авах ажиллагаанд хяналт тавих эрх бүхий А3 сертификаттай холбоотой асуудал нийтлэг байв. Тухайлбал, А3 сертификаттай иргэдийн тоо цөөн, эсвэл иргэд энэ талаар мэдээлэлгүй байдаг, эсвэл энэхүү сертификатны ач холбогдлыг мэддэггүй, ойлгодоггүй. Дээрх асуудлуудтай холбоотой шийдлүүдийг аймаг бүрийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд хэрхэн шийдэх талаар саналаа дэвшүүлсэн юм. Тухайлбал, иргэдийн мэдлэг, мэдээлэл дутуу байдлыг багасгахын тулд төрийн байгууллага иргэдэд мэдээлэл өгдөг тодорхой цагтай болохыг Сэлэнгэ аймгийн төрийн байгууллагын төлөөлөл санал болгож байв. Мөн цахимаар болон бусад хэлбэрээр иргэдийн насны онцлогт тохируулан мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлэх тал дээр аймгуудын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд санал нэгтэй байв. Ялангуяа, сургалт, хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан, МАСАМ II төслийн хүрээнд хийгдсэн суурь судалгааны үр дүнд төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллээс хамгийн хол байдаг насны бүлэг болох 26-35 насныхан, хүйсээр авч үзвэл, эрчүүдэд мэдээлэл хүргэхэд тохиромжтой арга замуудыг хэлэлцэв. Тухайлбал, Дарханы залуу үеийн төлөөлөл нэгэн оролцогч “Залуус кофе шоп, АТМ-ээр их үйлчлүүлдэг. Тэдгээр цэгүүдэд мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр байршуулах”-ыг санал болгов. 

Хэлэлцүүлэгт оролцогчид иргэний нийгмийн болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулснаар олон асуудал шийдэгдэх боломжтойг, мөн иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах нь дээрх асуудлуудыг шийдэх нэг гарц болохыг хэлэлцэв. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Сэлэнгийн ОНӨГ-ын Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д.Ариунтуул нар ИНБ-ын төлөөлөлд сургалт, мэдээлэл хийхээ амлав. Мөн Дархан-Уул аймгийн ОНӨГ-ын Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батчимэг “Худалдан авах ажиллагаанд үнэлгээ хийхэд иргэдийн оролцоо чухал байдаг. Иргэд оролцож, дүн шинжилгээ хийснээр худалдан авах ажиллагаа ил тод явахад түлхэц болно. ИНБ-ын төлөөллөөр дамжуулаад иргэд зөв, эерэг мэдээллийг олж авна. Худалдан авах ажиллагаа, тендер зарлалтыг иргэд бодитоор олж хараад, оролцоод явахаар цаашдаа олон нийтэд эерэг, зөв мэдээлэл түгээхэд тустайг” олж харснаа хуваалцав. Түүнчлэн, иргэий нийгмийн байгууллагуудаас төрийн байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхжуулах санаачлага гаргав. Тухайлбал, Орхон аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв ТББ-ын тэргүүн Г.Болдбаатар төрийн байгууллагын, тэр дундаа, ӨЭМТ-ийн мэргэжилтнүүдэд дохионы хэлний сургалт, мэдээлэл хийх, мөн хамтран ажиллах санал гаргав. 

ГИТ-ийн МАСАМ II төслийн баг орон нутгуудад хийсэн үйл ажиллагааныхаа талаар 3 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл, ярилцлага өгөв. Тухайлбал, Сэлэнгэд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба, Дархан аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл, технологийн алба болон DBS TV, Орхон аймгийн ETV, EBS TV, Тусгал болон Тэнгэр телевизүүд сурвалжлав. МАСАМ II төслийн багаас уулзалт, сургалт, хэлэлцүүлгийн үеэр төслийн хүрээнд хийгдсэн онцлох үйл ажиллагаанууд, дөрвөн модуль бүхий сургалтын товч, суурь судалгааны үр дүнд суурилсан зөвлөмж бүхий “Нийгмийн эгэх хариуцлага” сонин бичиг, төслийн танилцуулга, төслийн лого бүхий дэвтэр, хавтсыг оролцогч бүрт тараав.


Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...