Буцах
Дундговь /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сангийн MASAM-II буюу “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн ИНБ-уудын идэвхтнүүдийг чадавхжуулж, Нийгмийн эгэх хариуцлагын сургагч багш нарыг бэлтгэв.
Сургалтад МЭХ-ны аймгийн салбар, Говийн наран хөгжил, Сургалт судалгааны хүрээлэн, Скаутын холбоо, Багш нарын үйлдвэрчний эвлэлийн салбар, Өлзийт мандал өрхийн ЭМТ, тус ЭМТ-ийн Оролцооны багийн гишүүн нийт 10 хүн оролцжээ.
Сургалтаар Төрийн үйлчилгээг сайжруулахад нийгмийн эгэх хариуцлага ба төсвийн ил тод байдлыг цогцоор ашиглах нь, Монгол Улсын төсөв, төсвийн өгөгдөлд нээлттэй хандах нь, Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоо сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ бататгаж, энэхүү сэдвүүдээр хүн бүр сургалт хийж, сургагч багшийн эрхээ хангасан юм.
MASAM-II төслийг Японы Хүүхдийг ивээх сан Дундговь аймагт Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл байгууллагуудын санхүүжилтээр 2020-2023 онд хэрэгжүүлж буй төсөл.
Тус төсөл нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх бөгөөд эрүүл мэндийн салбарын төсвийг зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, ИНБ-ын үр дүнтэй оролцоог дэмжиж, төр болон иргэд харилцан ярилцаж, хамтын шийд гаргах арга замыг олсноор эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн хүрээнд өнгөрсөн оны 12 дугаар сард төр, ТББ, иргэдийн төлөөллийг оролцуулан анхны сургалтаа хийсэн бөгөөд энэхүү сургалтад хамрагдсан оролцогчдоос сургагч багш нараа сонгожээ. Орон нутгийн сургагч багш нар нь цаашид иргэдэд Нийгмийн эгэх хариуцлага, иргэдийн оролцоо, төсөв, хөрөнгө оруулалтын удирдлага сэдвүүдээр сургалт зохион байгуулах ажээ.