Буцах
“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу MAСAM-2” төсөл Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл байгууллагуудын санхүүжилтээр Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Хүүхдийг Ивээх Сан Дундговь аймагт “Говийн бүсийн ИНБ-ын туршлага солилцох, төсөвт дүн шинжилгээ хийх “ уулзалтыг 6 дугаар сарын 14-16-нд зохион байгууллаа. Уг уулзалтад Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говь-Сүмбэр аймгийн ИНБ болон төрийн төлөөллийн нийт 40 хүн оролцож харилцан туршлагаа солилцож, аймаг тус бүрийнхээ төсөвт дүн шинжилгээ хийх дадалд суралцлаа.
Оролцогчдын сэтгэгдлээс
Дарьжавын Батчимэг
Намайг Дарьжавын. Батчимэг гэдэг. Говь-Сүмбэр аймгийн эрүүл мэндийн газрын төсөв, төлөвлөлтийн мэргэжилтэн хийдэг. Энэ гурван өдрийн сургалт маш үр дүнтэй сургалт байлаа. Төсвийн мэргэжилтэн бид зөвхөн өмнөх ажлаа хийгээд л, дээд шатлал буюу удирдлага руугаа л мэдээлэл хүргэдэг чиглэлээр ажилладаг байсан юм байна. Харин энэ сургалтад хамрагдсанаар иргэд олон нийт рүүгээ бид ерөөсөө ханддаггүй юм байна гэдгээ олж харлаа. Бид иргэд олон нийтдээ үйл ажиллагаагаа зөв танин мэдүүлээгүйгээс болоод иргэд, төрийн байгууллага хоёрын дунд үл ойлголцол үүсдэг юм байна. Бид эргэж очоод иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхжүүлье гэсэн бодол төрлөө. Иргэний нийгэмлэгийн байгууллагаас эрүүл мэндийн чиглэлд хийж байгаа үйл ажиллагааг маш зөв, үр дүнтэй зүйл гэж бодож байна. Хамгийн гол нь төрийн байгууллагууд үүнийг зөвөөр хүлээж авахаасаа илүү хүлээж авахгүй тал нь их.
Доржхоролын Батмөнх
Намайг Доржхоролын Батмөнх гэдэг. Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн, ахмад настан. МАСАМ хоёр төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтад гурван өдөр суулаа. Энэ хугацаанд улсын төсвийн талаар маш тодорхой ойлголттой болсон. Иргэний хувьд бид төсвийн талаар хангалттай мэдлэг, мэдээлэл байхгүй байдаг. Санхүү, эдийн засгийн мэргэжилтэй хүмүүстэй хамт суралцаад илүү их ойлголт авч чадлаа. Мөн иргэд төсөвт оролцох, төсвийг хянах хэрэгтэй гэдгийг ч ойлголоо. Мөн төсвийн талаарх мэдээллийг хаанаас авч болох гэх мэт олон зүйлийг мэдэж авлаа. Мөн говийн дөрвөн аймгийн төлөөллүүд ирж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар тайлангаа тавьж туршлага солилцлоо. Тэд эрүүл мэндийн төвүүдтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байгаа, ЭМТ-ийн төсвийн одоо ил тод байдлыг хэрхэн яаж хангахаар оролдож байгаа, хэрхэн иргэний төсөв болгож байгаа гэх мэт маш олон зүйлийг сонсож, туршлага судаллаа.