Буцах
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Өлзийт мандал ӨЭМТ-ийн нийгмийн эгэх хариуцлага, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх нь” дэд төсөл хэрэгжиж байна.
Энэхүү төсөл нь Хүүхдийг ивээх сангийн “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төслийн дэмжлэгтэйгээр тус өрхийн эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай хүргэх, үйлчилгээ авахад нь тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлон шийдвэрлүүлэх зорилготой юм.
Төслийг “Говийн хөгжил наран”, “Сургалт судалгааны хүрээлэн” ТББ, Өлзийт мандал ӨЭМТ хамтран хэрэгжүүлж байгаа ба төслөөр “Иргэдийн оролцооны баг” байгуулж, чадавхжуулан, чадавхжсан иргэдийн тусламжтайгаар эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авахад нь тулгамдаж байгаа асуудлыг судалгааны арга ашиглан тодорхойлж, гарч ирсэн асуудлыг иргэдийн оролцоотойгоор эрэмбэлэн, нөлөөллийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх ажээ.
Өнгөрсөн долоо хоногт төслийн багаас хамтран ажиллах иргэдийг сонгон, анхны уулзалтаа хийж, “Иргэдийн оролцооны баг” байгуулан, тэдний оролцоотойгоор 300 иргэнээс судалгаа авах ажлыг гүйцэтгэж байна.
Мөн "Төрийн үйлчилгээг сайжруулахад нийгмийн эгэх хариуцлага ба төсвийн ил тод байдлыг цогцоор ашиглах нь" Модуль 1 сургалтаа зохион байгуулжээ. Сургалтад тус өрхийн ЭМТ-ийн ажилтнууд, оролцооны багийн гишүүд оролцсон байна.
“Өлзийт мандал” өрхийн эрүүл мэндийн төв 2002 онд байгуулагдсан. Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төв нь Сайнцагаан сумын 8, 9 дүгээр багийн 1601 өрхийн 5109 иргэд, 45 км радиус бүхий хүрээнд байршсан цэгүүдийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. 3 их эмч, 2 сувилагч, 1 статистикч, эх баригч бага эмч, бусад ажил үйлчилгээ эрхэлдэг 4 ажилтан, нийт 11 орон тоотой ажилладаг юм.